Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 5 нас хүрч байна.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 сек 25 доль цагт 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин мэндэлсэн нь Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон юм.
Охины аав Х.Хатанболдын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин нэрийг охинд өгсөн билээ.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн овгийн Хатанболдын Монголжин охиныг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн морь цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэгч Б.Должинсүрэн Монгол Улсын иргэний улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх Х.Монголжин охины аавд албан ёсоор гардуулан өгч баяр хүргэж байв.
Х.Монголжин охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын 4 сая дахь иргэнийг билэгшээсэн үйл явдал боллоо гэж тухайн үед мэдээлж байсан юм.
Өнөөдөр Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр Х.Монголжин “Өнөөдөр би 5 нас хүрч байна. Би өөрийгөө гурван сая дахь иргэн гэдгийг мэддэг. Төрсөн өдрөөр маань зөндөө олон хүн ирж бэлэг өгдөг. Бэлэг өгсөн ах эгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40917, эмэгтэй 38990 хүүхэд байгаа юм.
Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн Хоёр сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эбэ маань их л буянтай сайхан нэр хайрлажээ