Ц.Намуунцэцэг Красноярскийн дэвжээнд түрүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

Иван Ярыгиний нэрэмжит 31 удаагийн “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртлээ.

Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг өчигдөр 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Манай бөх түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан.

Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнээс даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top