Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар 2020 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус айлчлалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменко, Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нартай албан ёсны хэлэлцээ хийж Монгол-Беларусийн тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах талаар санал солилцохын зэрэгцээ Беларусийн техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, автотээвэр, төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцох юм.
Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменкотой уулзаж зам, тээврийн салбарт хоёр талын хэрэгжүүлж буй хамтарсан үйл ажиллагаануудын талаар санал бодлоо хуваалцан цаашид хэрхэн өргөжүүлэх, шинэ төсөл арга хэмжээгээр баяжуулах боломжуудын талаар ярилцав. Тухайлбал, талууд 2015 оноос хойш ярилцаж буй Беларусийн МАЗ үйлдвэрийн авто замын засвар, арчлалтын зориулалттай тусгай техникийг худалдан авч авто замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит компаниудын чадавхыг сайжруулах асуудал, уул уурхайд чиглэсэн төмөр замын төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх зорилгоор Беларусийн технологиор Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломж, автотээврийн болон төмөр замын транзит тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулахад Беларусийн туршлагаас судалж ажиллах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.
Хоёр сайд Монгол, Беларусь улсууд нь газар зүйн байршлын хувьд хоёулаа чухал байршилтай, ялангуяа Ази, Европыг холбосон худалдаа болон бараа эргэлтийн хамгийн дөт замнал тус хоёр улсын газар нутгаар дамжин өнгөрдөг тул Хятадаас Европ руу чиглэсэн тээврийн коридорыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн энэ хүрээнд Монголын тээвэрчдэд олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай хууль эрх зүйн болон практик мэдлэг эзэмших, туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тогтов. Уулзалтын төгсгөлд сайд нар хэлэлцсэн асуудлууд болон цаашид хамтран ажиллах арга хэлбэрүүдийг тусгасан Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Беларусийн Тээвэр, харилцаа холбооны яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манай сайд амжилттай айлчилж байна. Сайн бн!