Олон улсын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал Унгар улсын нийслэл Будапешт хотноо боллоо. Унгар улс гурав дахь удаагаа энэхүү хурлыг зохион явуулж байгаа.

Дэлхийн 111 орны төлөөлөгчид чуулсан их хуралд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Тодруулбал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар төлөөлөгчөөр оролцсон юм. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрөлд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулжээ.

Энэ үеэр ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Оснец болон олон улсын сэтгүүлчид Монгол Улсад айлчилна гэдгээ мэдэгджээ. Үүний нөлөөгөөр Монгол эх орноо сурталчилах цаашлаад аялал жуулчлалын салбарт ахиц дэвшил гарна гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Ирэх есдгээр сарын 13-20-ны хооронд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэгэн хөтөлбөр нь “YONG REPORTER” буюу “Залуу сэтгүүлч” хөтөлбөр юм.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо энэхүү хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн энэ үеэр илэрхийлжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(103.57.92.152) 2020 оны 02 сарын 06

Улсын татвар төлөгчдийн мөнгийг ийм дэмий юманд үрж байгаа хүмүүс үр дүн гарахгүй бол буцааж төлөөрэй

0  |  0
Top