Их дуулга: Жүдочид эхний өдөр ТАВАН МЕДАЛЬ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

Олимпын жилийн тэмцээн болгон жирийн тэмцээнээс хэд дахин үнэтэй байдаг. Угаасаа “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их дуулга тэмцээн энэ утгаараа дэлхийн шилдгүүдийг цуглуулсан том тэмцээн болж байна.  Парисын “Аккоротель арена” цогцолборт өчигдөр /2020.02.08/ эхэлсэн Их дуулгад 122 орны 800 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаан боллоо.

Эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.


М.Уранцэцэг


Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Францын бөх Ширине Боуклийг ялж, хүрэл медаль зүүлээ. М.Уранцэцэг Парисын “Их дуулга”-аас дөрөв дэх хүрэл медалиа хүртэж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медалийн цуглуулгатай боллоо.
 

Д.Сумъяа


Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьсон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Аваргын төлөө манай жүдоч ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучид ялагдлаа.
 

Д.Амартүвшин

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх М.Аккусыг ялж, Их Дуулгаас хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.
 

Ё.Басхүү


Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн Ё.Басхүү медалийн төлөөх барилдаанд Израилын бөх Б.Шмайловыг нэмэлт цагт ялж, хүрэл медаль хүртлээ.
 

Ц.Цогтбаатар

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Азийн аварга Ц.Цогтбаатар мөн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх Масаши Эбинүматай цаг сунган барилдаж, дэлхийн шилдэг бөхийг торгуулиар яллаа.


Өнөөдөр эмэгтэй 70, 78, +78 кг, эрэгтэй  81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаантай.

Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17.00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй.

Токиогийн олимпын өмнө Дюссельдорф (2-р сар), Екатеринбург (3-р сар), Бакуд (5-р сар) Их Дуулгын гурван тэмцээн болно. Харин олимпын дараа Бразилиа, Абу-Даби, Токиод мөн гурван Их Дуулга явагдах юм.

 

ПАРИСТ ЗОДОГЛОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
 

Эрэгтэй

  • 60 кг: Д.Амартүвшин, Л.Өнөболд
  • 66 кг: Г.Хэрлэн, Ё.Басхүү
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
  • 81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Л.Сосорбарам, Б.Хорлоодой
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Наранжаргал
  • 78 кг: О.Мөнхцэцэг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.150) 2020 оны 02 сарын 09

good job mongolian team

0  |  0
zochin(202.126.89.150) 2020 оны 02 сарын 09

good job mongolian team

0  |  0
Top