Ирэх сонгууль УИХ-ын гишүүдэд л их ашигтай болох нь дээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

“Бүгд тэгш эрхтэй, УИХ-ын гишүүд бүр илүү тэгш эрхтэй”

Нийт ард түмний төрөө барилцах ганц боломж нь сонгууль байдаг. Бусад үед бид чинь сонгосон төр засгийнхаа аягаар л амьдарна шүү дээ. Гэвч УИХ-ын сонгуулийн хуулийг эрх баригч болгон өөрчилдөг уламжлалтай болгочихоод байгаа. Наад талдаа ард түмний хүсэл сонирхолд нийцүүлж байгаа гэдэг ч цаагуураа бол өөрсдөө ямар хэлбэрээр явуулбал ялж болох нь вэ гэсэн судалгааны хариугаа л тулгаж суудаг. Одоо төлөвлөөд байгаа тойргийн хэмжээг харахад Улаанбаатараас 24, орон нутгаас 52 УИХ-ын гишүүн сонгогдохоор байна. Зүй нь бол манайх төлөөллийн ардчилалтай орны хувьд төлөөллөө хүн амдаа тохируулах ёстой юм. Гэвч холбооны улсын адил газар нутгийн хэмжээг харгалзсан мэт хуваарилалт хийлээ. Өнөө тогтсон нутаг нуга, жалга довоор л хувааж байгаа “царай нь” л даа. Саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад АН-ын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог оруулах санал тавьсан боловч эрх баригч нам хүлээж аваагүй. Ингээд болдог юм болдгоороо л үлдлээ. Ер нь өнгөрсөн сонгуулийн хуулиудыг хараад байхад хамгийн гол асуудал нь тойргийн хуваарилалт байжээ. Харин өнөө жилийн хувьд бол улс төрийн өрсөлдөгчдөө хуулийн зүйл заалтаар зайлуулах, хүчийг нь сулруулах оролдлого илүүтэй шингэсэн мэт. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшүүлэхгүй байх тухай заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд есөн мэдээлэл очоод байгаа гэх.

Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэж харддаг ч үнэний ортой. Улс төрийн өрсөлдөгчдийг хуулийн аргаар зайлуулж байгаа явдал юм. Үндсэн хуулийн цэц коронавирустэй холбоотойгоор хурлаа зарлахгүй байгаа гэх марзан тайлбар явж байгаа харагдсан. Гол нь хэрвээ Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргалаа ч сонгуулийн жил дотор хуулийг өөрчилж болдоггүй хуулийн заалтыг яах билээ. Уг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хэнийг ч төрд ойртуулахгүй байх нь шударга ёс талаасаа зөвтгөж болохоор л зүйл.

Гэхдээ зөвтгөж болохооргүй заалт ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд байна. Тухай нь, сонгуулийн жил гарсан үед аливаа байдлаар иргэдийн саналыг татах үйл ажиллагаа явуулах нь нэр дэвшигчдэд хориотой. Хуулиас гадуур сурталчилгаа хийвэл нэр дэвшүүлэхгүй. Ийм мөртлөө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9-д “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэсэн заалт бий. Тайлангийн сэтгүүл гээд өөрийгөө төвийлгөсөн баахан юм бичүүлээд айл болгонд өгч болдог. Энэ яахав, хуучин байсан зүйл гэж бодъё. Үүн дээр уулзалт хийж болох тухай заалт нэмэгдчихсэн байгаа юм. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлээр сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг зохицуулжээ. 44.6-д “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гээд оруулчихаж. Үндсэндээ тавдугаар сарын 10-н хүртэл УИХ-ын гишүүн тайлангийн уулзалтаа хийж байна гээд яваад байж болох нь. Дараа нь сонгуулийн үеэр бас эрхээ эдэлнэ. Нэг ёсондоо, сонгогчдод өөрийгөө хоногшуулахад хангалттай хугацаа. Гэтэл сонгуулийн сурталчилгааны хоног 22 байдаг. Ийм хугацаанд нэг хөөрхий бие даагч өрсөлдлөө гэхэд өөрийгөө таниулж амжих уу. Жишээ нь, сумаас сумын хооронд байгалийн бартаа ихтэй Хөвсгөл аймаг байна. Бараг ганц л тойрох байх. Гэтэл УИХ-ын гишүүн ажлын тайлангаа хийж байна гээд энэ хавраас эхлээд явахад баг бүрт очоод бараг айл болгонд хоночиж дөнгөнө. Нэр хүнд, боломж бололцооны ийм тэнцвэргүй байдал үүсэх гээд байдаг.

Давж заалдахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэр дэвшигчийн нэрийг татах уу!

УИХ-ын сонгуулийн хуулийг дагаж гарсан бусад хууль тогтоомжууд байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль дээр Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гээд 17 дугаар бүлгийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн байдаг. Түүний заалтууд бол бүр “хэрцгий”. Тухайлбал, давж заалдах эрхгүйгээр нэрийг нь татах зөрчлүүд гэж байна гэж ойлгогдоод байгаа. Илүү тодруулбал дээрх бүлэг нэмэгдсэнтэй уялдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ч тодорхой зохицуулалтууд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд нэмсэн байна. Уг хуулийн 2.1.2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэжээ. Харин 2.1.3-т “Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 23, 56 дахь хэсэг, мөн зүйлийн 41, 43.1, 43.2, 43.3 дахь заалт хамаарахгүй” гэсэн байгаа юм. Уншигчид маань энд дурдагдаад байгаа заалтуудыг өөрсдөө дэлгэрүүлж харвал илүү ойлгомжтой болно. Ерөнхийдөө 2.1.3-т орсон заалтуудыг прокурорт хамааралгүй болгосон нь хууль мэддэг хүмүүстээ бол давж заалдахгүй гэж ойлгогдоод байгаа гэх. Шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэхгүй гэсэн утга л яваад байх шиг.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 23-т “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 41-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор” гээд бусад заалтуудаар аливаа төлбөргүй үйлчилгээ, бараа таваар, дайллага цайллага, ивээн тэтгэлт, уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт явуулж болохгүйг дурджээ. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод амраах, сувилуулах, ирээдүйд эд бараа өгөх гэрээ байгуулах, хэлцэл хийх, ажлын байранд зуучлах гэх мэт зүйлс багтана. 43.1-т “Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийсэн”, 43.2-т “Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн”, 43.3-д “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй”, 56-д “Хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн, авсан, хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтууд багтана. Өнөөдөр хууль шүүхэд иргэд хэр итгэж байгаа хийгээд энэ институцууд хэний гарт байгаа тухай олон эргэлзээ бий. Сонгуулиар энэ дурдсан олон шалтгааны нэгээр нэг гомдол гаргахад давж заалдахгүйгээр шийдвэрлэчихвэл юу болох вэ.

Бас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75.2-д “Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэжээ. Тэгвэл тус хуулийн 35.3-д “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно”, 38.2-д “Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 48.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 48.5.1-д “Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх”, 48.5.2-д “Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх”, 56.2-д “Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэдэг заалтууд байгаа аж. Хэрэв ийм зөрчил гаргасан бол сонгууль зохион байгуулах байгууллага шууд нэрсийн жагсаалтаас хасна. Нэрсийн жагсаалтаас хасахад оройтсон буюу саналыг хуудсыг дахин хэвлэх боломжгүй тохиолдолд тухайн хүний авсан саналыг хүчингүйд тооцно гээд хуульд дурайтал бичжээ. Хууль ийм байхад яалтай билээ. Тэгэхээр сонгуулийн үр дүн сонгуулийн хуулийг аль хүчин илүү ашиглахаас шалтгаалах мэт хардлага төрөөд болдоггүй ээ. Иргэн хүн дөрвөн жилд нэг удаа төрөө байгуулах эрхийг эдэлж сонгуульд саналаа өгдөг. Шилдэг охид, хөвгүүдээ сонгож өөрийгөө төлөөлүүлэхээр төрд илгээдэг билээ. Харин түүнийг сонгох үйл явцыг хэрхэн хуульчилсан нь сонирхол татна. Ингэхэд хуулиа уншсан уу, хүн ардаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top