"Оскар"-ын ШИМЭГЧИД

2020 оны 02 сарын 12

-Нийгмийн хоёр өөр анги давхаргыг нэгэн зурваст багтаан өгүүлэв-

Академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн “Оскар” өнгөрөгч Даваа гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын гол дүр болсон Өмнөд Солонгосын уран бүтээлчид Холливудыг хэдийнэ ардаа орхиж, чанартай бүтээл туурвиж байгаа гэдгээ батлан харуулж, “Шимэгч” хэмээх киногоороо зургаан төрөлд нэр дэвшиж, дөрвөн төрөлд ялалт байгуулж чадлаа. Тус киног Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо найруулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.


Найруулагч Бон Жон Хогийн тухайд

Драм, триллер төрлөөр уран бүтээлээ голчлон туурвидаг найруулагч Бон Жон Хо 1969 оны есдүгээр сарын 14-ны өдөр Өмнөд Солонгос улсын Дэгү хотноо мэндэлжээ. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь болон мэндэлсэн түүний аав Бон Сан Гюү график дизайнер, профессор хүн байсан байна. Харин түүний ээжийнх нь өвөө Японы колоничлолын үеийн алдартай зохиолч байсан гэнэ. 1990-ээд оны эхээр Солонгосын кино урлагийн академийн хоёр жилийн хөтөлбөрт хамрагдан богино хэмжээний кино бүтээл туурвиж эхэлжээ. Эдгээр кинонууд нь Ванкувер болон Хонконгийн кино наадмуудад уригдаж байсан удаатай.  Дунд сургуульд байхаасаа эхлэн кино урлагт татагдсан тэрбээр энэ жил 50 настай. Харин түүний үндсэн мэргэжил социологич.

 

 

Алдар нэр авчирсан бүтээл

Түүний хувьд хамгийн анх тэсрэлт хийж чадсан кино нь “Memories of murder” буюу “Алуурчны дурсамж” хэмээх бүтээл байлаа. Дампууралд өртөөд байсан кино компаниа хөл дээр нь босгож чадсан тус киног бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Энэ нь түүний хоёр дахь бүтээл. Харин түүний 2006 онд бүтээсэн “The Host” хэмээх зөгнөлт кино нь Солонгосын кино урлагийг шинэ түвшинд аваачсан хэмээн үнэлэгддэг байна. Дэлхий дахинаа ч мөн багагүй амжилт үзүүлсэн тус киног дахин үйлдвэрлэх эрхийг “Universal” кино компани худалдан авч байжээ.

 

 

Холливудэд ажилласан түүх

2013 онд үзэгчдийн хүртээл болсон алдарт “Snowpiercer” буюу “Цас ханзлагч” киног найруулагч Бон Жон Хо Холливудынхантай хамтран бүтээжээ. Амьд үлдэхийн төлөөх тэмцлийг харуулсан тус кино тухайн цаг үедээ багагүй шуугиан дэгдээсэн. Харин үүний дараагаар “Netflix”-тэй хамтран “Okja” хэмээх киног бүтээжээ.

 

 

“Шимэгч” кино нээлтээ хийв

Нийгмийн хоёр өөр анги давхаргыг нэгэн зурваст багтаан өгүүлсэн “Шимэгч” кино 2019 оны тавдугаар сарын 21-ны өдөр Каннд нээлтээ хийсэн бол БНСУ-д тавдугаар сарын 31-ны өдөр нээлтээ хийжээ. Австрали болон Шинэ Зеланд улсад зургаадугаар сарын 27-нд нээлтээ хийсэн бөгөөд хамгийн их ашиг орлого олсон Солонгос киногоор шалгарчээ. Эх орондоо нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 20.7 сая ам.долларын ашиг олж чадсан тус кино Бон Жон Хо найруулагчийн бүтээсэн кинонууд дундаас хамгийн өндөр ашиг олсон киногоор шалгараад байна. Тус кино зардлаа хэдийнэ 20 дахин нугалжээ. Кино нийтдээ 2 цаг 12 минут үргэлжилнэ.

 

 

Кино зохиол гурван сарын дотор бичигджээ

Тус киноны санаа анх 2015 онд гарч байжээ. Харин кино зохиол гурван сарын турш бичигдсэн бөгөөд анхандаа кино зохиолдоо тун ч сэтгэл дундуур байсан аж. Харин зохиол бодит байдал дээр маш өндөр үнэлгээ авсан бөгөөд гүн гүнзгий утга агуулгатай гэдгээрээ алдаршаад буй. Шимэгч гэж чухам хэнийг нэрлэж байгаа тухай найруулагчаас асуухад тэрбээр тодорхой хариу өгөөгүй байна. Харин кино судлаач, шүүмжлэгч, үзэгчид өөр өөрийн өнцгөөс дүгнэх нь түүний гол зорилго. Тиймээс энэхүү киног дахин дахин үзэж деталь бүрийг алдалгүй анзаарах хэрэгтэй.

 

 

Зураг авсан объектыг музей болгон ашиглана

Киноны зураг авалт 2018 оны тавдугаар сарын 18-нд эхэлжээ. Харин есдүгээр сарын 19-нд дууссан бөгөөд тус кинон дээр гардаг чинээлэг айлын байшинг шинээр угсарч гүйцэтгэжээ. Зураг авахад тухтай байх үүднээс зохион байгуулалтыг хийсэн бөгөөд тус байгууламжийг музей болгох тухай дурдсан байна. Хэрэв энэ тухай асуудал дэмжигдвэл зоорийн давхрыг хүртэл үзэж сонирхох боломж бүрдэнэ. Уг байшинг босгоход хоёр тэрбум орчим вон зарцуулсан байна.

 

 

Хогийн сав түрээслэн ашиглав

Тус улсын чинээлэг айлууд өндөр үнэтэй хогийн сав ашигладаг байна. Үнийн хувьд 2.5 мянган ам.доллар хүрнэ. Харин тус хогийн савыг кино зураг авалтад ашиглахаар түрээсэлж байсан бөгөөд тус улсад баян ядуугийн ялгаа хэр байдгийг үүнээс харж болно.

 

 

Жүжигчидтэй нууц хадгалах гэрээ байгуулжээ

Киноны дүр сонголт маш сайн байсан тухай кино шүүмжлэгчид дурдаж буй. Тус киноны хонгилд амьдардаг эрийн дүрийг бүтээсэн жүжигчин энэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Их хэмжээний жин хаяж тус дүрийг бүтээсэн жүжигчин залуу зураг авалт эхлэхээс сарын өмнө өнөөх хонгилдоо очиж сургуулилт хийдэг байсан аж.

 

 

“Шимэгч” кино нийтдээ 180 шагнал хүртжээ

"Шимэгч" кино энэ жил нийтдээ олон улсын болон дотоодын кино наадмуудаас 180 шагнал хүртжээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос дөрвөн төрөлд ялалт байгуулсан тус кино Ази тивээс шалгарсан анхны “Оскар”-ын шагналт “Шилдэг кино” болсон юм.

 

 

Бодит амьдрал дээрх “банжиха” сууц

Орон сууцны подвальд орших “банжиха” хэмээх энэхүү сууцанд Сөүлийн олон мянган иргэн амьдардаг. Хоёр Солонгосын дайны үед нуувч маягаар ашиглагддаг байсан энэхүү сууцанд нарны гэрэл маш муу тусдаг бөгөөд чийгийн үнэр давамгайлах аж. Амьд ургамал ч тэсэж үлдэхэд бэрх энэхүү сууцыг 1980-аад оны үеэс эхлэн Засгийн газраас хүн амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд сарын түрээс нь 540.000 орчим вон байдаг байна.

 

 

БНСУ-ын Ерөнхийлөгч кино багийнханд баяр хүргэв

Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин кино багийнханд баяр хүргэн улсынхаа хэв маяг, түүхийг шингээсэн уран бүтээл гаргаж дэлхий нийтийн сэтгэлийг хөдөлгөсөн явдалд талархаж буйгаа илэрхийлжээ. Гүн гүнзгий утга бүхий кино зохиол, найруулга, эвлүүлэг, жүжигчдийн ур чадвараараа дэлхийд ийнхүү үнэлэгдсэн нь уран бүтээл туурвиж шинэ мессежийг нийгэмд илгээснийг онцлон тэмдэглэсэн байна.

 

 

Бон Жон Хо эхнэртээ талархал илэрхийлэв

Тэрбээр кино урлагийн түүхэнд шинэ хуудас нэмж буй нэгэн. Харин энэ хүртэл дэмжиж, урам зориг өгч байсан эхнэртээ хандан талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Өнөөдөр намайг энд авчирсан жүжигчдэдээ баярлалаа. Зохиол бичнэ гэдэг их ганцаардал авчирдаг зүйл. Бид эх орноо сурталчлах гэж зохиол бичдэггүй. Гэсэн ч энэ бол манай улсын Оскар хүртсэн анхны кино” хэмээсэн байна. Түүний гэргий энэ үдэш баярласан сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс унаган суугаа нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top