УИХ-аас “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэж буй билээ. Тэгвэл “Оюу толгой” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулахдаа компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан гэж тодотгож байна.
Монгол Улсын эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө арван тэрбум ам.доллар давлаа гэж компанийн зүгээс онцоллоо.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюу толгой”-н 13800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байна.
“Оюу толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний компанид төлжээ.
Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгана
Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг Үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргана.
Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1,607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн гэв.
Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж буй гэсэн байна.
Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй байна.
Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурчээ
Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11 хувиар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан гэж байна.
Өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125,000–155,000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлжээ. Мөн 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180,000– 220,000 унцыг үйлдвэрлэх төлөвлөгөө нь давж биелсэн байна. 40,777,225 тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ.
Сэтгэгдэл ( 0 )