Жагсаал зохион байгуулахаар танин мэдэхүйн судалгаа хийсэн тэмдэглэл

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Эзэн Чингис хаан 1206 онд эсгий туургатан улсыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулан энх амгаланг тогтоосны дараа төр, улсыг байгуулах үйлсэд гавьяа, зүтгэл гаргасан хүмүүст соёрхол хүртээв. Түмт, мянганы ноёдоор өргөмжилж, есөн удаагийн алдаа эндэгдлийг уучлах, хатан авах, довтолж олсон олзоо бүгдийг нь авах гээд олон эрхийг олгосон. Мөн Их хаан төр улсыг манаж байх хишигтэн цэргийг байгуулахдаа “мянганы ноёд миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёнг шийтгэе” хэмээн зарлиг болов. Энэ нь хаант төрийн орд өргөөг энх цагт ч, их аян дайнд явсан хойгуур ч амгалан тайван байдлыг нь үймүүлж, танхайрах сэдлийг үгүй болгосон хэрэг.    

Тэр цагаас хойш Монголын уудам нутагт зуун зуун жил улиран өнгөрч, зарим зүйлийг умартан хоорондоо эв эвдэрч түнжин хагарснаас болж бусдын идэш болж, Манжийн дарлалд 200 гаран жил дарлагдаж хүртэл үзэв. Манжууд бидний эд хөрөнгө, мал хуй, цэрэг дайны тактик гээд Монголын гэх юм болгоныг өөрийн болгохдоо өмнөх түүхийн алдаанаас нь сургамж авсангүй гурван зууны нүүрэн дээрээ мөхөв. Манжийн төр хятадад идэгдэн мөхөх үед манжийн түшмэд улсаасаа баян болж дураар авирлаж байсан тухай түүхэн сурвалж бичигт өгүүлсэн байдаг.

Ямартай ч тэр цагт монгол түмний заяа түшиж, од нь гийж, төрт ёсоо сэргээж, тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш алдаа, оноотой ч нэгэн зууныг үдэв. Энэ хугацаанд нэг улсын хараат байдлаас салж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн тунхаглав.

Гэвч юмтай болонгуут зовлон нэмэгдэнэ гэдэгчлэн үүргээ умартан эрхээ эдлэхдээ, дураар авирлагчдыг өөгшүүлсээр өнөөдөр “Цагдаа журам сахиулах уу, Загдаа журам сахиулах уу” гэх хэмжээнд хүрэв. Хэн дуртай нь Төрийн ордон руугаа чулуу шидэж, нум сум харваж, сүүлдээ буу шийдэм агсан очиж хүртэл үзэв. Төрийн ордноо хамгаалж чадахгүй төртэй болвол төрсөн гэрийг чинь хамгаалах хүчгүй болно гэдгээ умарттал эрхээ эдлэв. Өөрийн цэргээ тэжээж чадаагүй улс, хүний цэргийг тэжээдэг гэсэн үг байдаг даа. Үүрэг байдаг билүү бидэнд чинь гээд Үндсэн хуулиа сөхөж үзвэл, байнаа. 17 дугаар зүйл нь Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гээд эхлэж байна шүү, хөөе.    

Нэгэнт л жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авч, төрийн гурван өндөрлөгт бичиг өгөх санаатай байгаа хүн чинь цагдаа, төрийн тусгай хамгаалалтынхантай хүчээ үзэж, хий дэмий орилж бахардахгүйн тулд хууль, журмаа судлах санаатай гүүглдлээ. Төрийн тусгай хамгаалалтын газар гэсэн хаяг, утас гарч ирж байна. Залгаж санаа, зорилгоо хэлээд ямар хууль, тогтоомж дагах ёстой талаар мэдээлэл авья гэсэн чинь “та хэн билээ, утсаа үлдээчих эргээд тань руу холбогдьё” гэж байна. Энэ ч лөөлөө биз гэж бодож байтал нэг нөхөр холбогдоод та боломжтой бол ирж уулзаач гэж байна. Зааж өгсөн хаягаар нь очоод хүлээж байтал сумын заан баймаар булиа нөхөр гарч ирснээ уриалгахан нь аргагүй тайлбарлаж өглөө. 

Төрийн ордон төрийн тусгай хамгаалалтад байна, Төрийн ордон халдашгүй дархан байна. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16-р тогтоолоор Төрийн ордноос зүүн, баруун зүгт 33 метр, урд, хойд зүгт 80 метр хүртэлх зайг Төрийн ордны нутаг дэвсгэр гэж тогтоосон. Төрийн ордны тухай хууль, бас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийж, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх нь хориотой. Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс шаардлага өгөх гэж байгаа бол холбогдох хүмүүсийг нь дуудаж уулзуулна. Төрийн ордонд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрх бүхий албан тушаалтантай уулзахаар цаг авсан бол “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д иргэний үнэмлэх, гадаад пасспорт, жолооны үнэмлэхийн аль нэгтэйгээ очиж 1 цагийн хугацаатай Төрийн ордонд түр нэвтрэх зөвшөөрлийн хуудас авч заасан хаалгаар нэвтэрнэ. Төрийн ордонд нэвтэрч байгаа хүн тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг, хүйтэн зэвсэг хэрэгсэл авч орох, согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж байна.           

Бас Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Төрийн ордны тухай хуулиас гадна “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг баримтална гэв. Тэрэнд нь орох гэж байгаа хүн эмэгтэй бол хэт задгай хувцаслах, эрэгтэй бол бакал гармуушиклаж, ханцуй сугалдаргалаж цээж нүцгэлэхийг хүртэл хориглож. Төрийн ордонд нэвтэрч буй иргэд албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ гэнэ. Нэвтрэхдээ металл илрүүлэгч хаалгаар орж, гар тээшээ рентген төхөөрөмжөөр шалгуулна. Манай металл илрүүлэгч хаалга, рентген төхөөрөмжүүд олон улсын стандартаар баталгаажсан, хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй л гэнэ. Бид таныг шалгаж байгаатай адил бусад хүмүүсийг ч бас шалгана, энэ нь бас таны аюулгүй байдлыг ч хангаж байгаа гэсэн үг гэж байна. Нисэх буудал, хил, гааль дээр, гадаад улсад бол бүүр хөл бөмбөгийн тэмцээн үзэх, дэлгүүр орох хүмүүсийг ч тэгж шалгаж байдаг болохоор төрийн тусгай хамгаалалттай объектод бүр айхтар шалгадаг л байлгүй. Болохгүй юм алга.

За тэгвэл Сангийн яаманд очиж шаардлага өгөхөөр бол би яах ёстой вэ гэлээ. Төрийн яамдууд буюу Засгийн газрын байрууд өөрийн онцлогтой гэж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас гадна Засгийн газрын 2012 оны 65-р тогтоолд төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг баталж өгсөн. Тэдгээр яам, тамгын газарт ирж байгаа хүний бичиг баримтыг үндэслэн холбогдох албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэн дотогш нэвтрүүлдэг. Авч орохыг хориглосон зүйл Төрийн ордонтой адилхан. Байрны гадна талдаа төрийн тусгай хамгаалалтын ажилтан байхгүй л бол хамгаалалтын бүс хаалгаар орсноор эхэлнэ гэв. Холбогдох албан тушаалтан нь байхгүй, эсхүл хурал цуглаантай завгүй байгаа бол төрийн тусгай хамгаалалтын ажилтан дур мэдэж нэвтрүүлэхгүй гэж байна.

Төрийн ордонд ч тэр, яаманд ч тэр овор ихтэй эд зүйл авч орох, эсхүл орсон хүн тэр газраас ямар нэг эд зүйл авч гарах шаардлага гарсан бол заавал холбогдох албан тушаалтны бичгээр гаргасан зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ.     

Төгсгөлд нь төрийн тусгай хамгаалалтын газар нь хамгаалалтын бүс буюу орчин, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд нэвтрэн орох журам, дэглэм тогтоох, хяналт тавих эрхтэй байдаг тул та эрхээ эдлэхдээ төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг биелүүлээрэй гэж хүсэж байна.

За товчхондоо иймэрхүү шив. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэгчийн үлгэр болох вий гэж болгоомжилж танин мэдэхүйн алхам хийсэндээ сэтгэл хангалуун гарав. Жагсаал хийнэ гэдэг чинь заавал дайрч, түлхүүлж орилох ёстой гэсэн үг биш биз дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.142) 2020 оны 02 сарын 14

Дэг журам байх нь зөв. Гэхдээ төрийн ордонд хүний амь сэжигтэйгээр эрсэдсэн тохиолдол гарсан шүү. Энэ байдалдаа дүгнэлт хийж зохих арга хэмжээг авсан гэж найдна.

0  |  0
Top