Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн онд эрчим хүчний салбарт хийсэн ажлаа болон 2020 онд юу хийх төлөвлөгөөтэй байгаа талаараа танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн жилийг бид ухаалаг эрчим хүчийг дэмжих жил болгож зарласан. Харин 2020 онд эрчим хүчний байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх жил болгож зарлаж байгаа. Эрчим хүчний ухаалаг систем бий болгож, энэ салбарын инженер техникийн ажилчдаа хөгжүүлснээр бид Эрчим хүчний системийг найдвартай, тогтвортой, бие даасан болгох суурь ажлыг хийх юм байна. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний хэмжээнд аваар гарч байх үед тодорхой арга хэмжээ авдаг системтэй байсан. Тэгвэл ухаалаг систем бий болсноор аваараас урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ингэснээр найдвартай үйл ажиллагааг хангах боломжтой болох юм" гэв.

Түүнчлэн "Ухаалаг систем нэвтэрснээр хэмнэлттэй, үр ашигтай болно гэсэн үг.  Өнөөдөр ухаалаг системтэй станцуудад, тухайлбал, усан цахилгаан станцид ердөө ганцхан хүн л ажилладаг. Гэтэл манайд болохоор 500, 600-гаараа ажиллаж байна. Яагаад гэвэл автоматжуулалт шинэ технологи нэвтрүүлсэн станцуудын хэмжээнд хүрээгүй. Тиймээс өнгөрсөн жил бид автоматжуулалтын суурийг тавьсан. Одоо ирэх жилүүдэд бид инженер, техникийн ажилчдаа сургана. Тэднийг сургах, ажлын байрны орчинг сайжруулах чиглэлд ажиллана.  Бид ухаалаг эрчим хүчний системтэй болж, автоматжуулалтыг нэвтрүүлж чадвал 5 жилийн дараа 1000-аад хүн ажиллаж байгаа станцид 200, 300 ажилтан л ажилладаг болно. Ийм тогтолцоог бий болгоно. Зарим дэд станцуудад хүн ажиллаж байгаа бол хүнгүй болгож, автоматаар хянадаг, ажилладаг байхаар зорьж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top