Монголын кино уран бүтээлчид дэлхийн олон улсад ур чадвар, авьяас чадвараараа үнэлэгдэж, гадны уран бүтээлчид ч манайхны кинонд оролцох нь элбэг болж байгааг сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн киноноос харж болно. Тэр дундаа Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино Монголын кино урлагийн түүхэнд олон шинэ амжилтыг тодоор тамгаллаа.
Тухайлбал, өнгөрсөн сард Тайланд улсанд зохион байгуулагдсан “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино форум”-д Монгол улсын Байгал орчин, аялал жуулчлалын яамны зүгээс эх орноо сурталчлах ажлын хүрээнд “Хийморь” уран сайхны киног Зүүн Өмнөд Азийн кино урлаг, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд үзүүлжээ. Энэ үеэр форумд оролцогчид “Хийморь” кинонд тун өндөр үнэлгээ өгч, Монголын байгалийн үзэсгэлэн, ёс заншил, ахуй соёлыг шагшин магтаж, Монголд ирж кино хийх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарч буйн сайхан цагийн эхлэл юм.
-ЗУУН ДАМНАСАН ХҮРЭН МОРЬ ДЭЛХИЙГ ТОЙРОН ХУРДАЛСААР-
Хоёр жил дамнан хийгдэж, 2019 онд нээлтээ хийсэн тус кино нь Германы Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” хэмээх шагналыг хүртсэн. Уг наадмын хүрээнд энэ шагналыг урьд өмнө нь ямар нэгэн уран бүтээлд олгож байгаагүй бөгөөд зөвхөн “Хийморь” кинонд зориулж шинээр гаргасан юм. Харин наадмын дараа найруулагч Г.Эрдэнэбилэг зохион байгуулагчидад хүсэлт тавьж, дээрх шагналыг энэ жилээс Монгол улсын нэрэмжит болгон олгож байхаар болсон байна. Мөн АНУ-ын Сан Диегогийн кино наадамд нийт 3000 гаруй кино өрсөлдөж “Хийморь” кино “Шилдэгийн шилдэг” бүтээлээр шалгарсан төдийгүй Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” зэрэг шагналуудыг хүртээд байгаа юм. Түүнчлэн 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Холливууд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэгийн /ASC/ ерөнхийлөгч Kees Van Qostrum “Хийморь” кино зураг авалтыг үнэхээр өндөр түвшинд хийгдсэн байгааг олзуурхаж тус киноны ерөнхий зураглаач Б.Баатарыг нийгэмлэгтэй урьсан сайхан үйл явдал болсон юм. Ийнхүү зуун дамнан алдаршсан хүрэн морь дэлхий тойрон хурдалсаар, олон улсад эх орноо алдаршуулсаар явна. Дашрамд дуулгахад Хийморь уран сайхны кино Univision, DDISH-ийн видео санд орсон бөгөөд үзэгч та бүхэн эх орон, газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэйг, өдрөөс өдөрт биднээс алхам алхамаар холдсоор байгаа нүүдэлчин ахуй, ёс заншилаа хэрхэн хайрлан хамгаалах ёстойг үр хүүхдүүддээ киногоор дамжуулан таниулаарай.
Сэтгэгдэл ( 4 )
Схйн байна амжилт хүсье
Woooow,sain bn.
Кинонд тоглосон морьдыг хэрхэн сонгосон бол
good job