“Капитал”-ын араас “Ариг”-ийг тойрсон залилангийн хэрэг, дараагийнх нь ...

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Банкууд ар араасаа бүдэрсээр... Өнгөрсөн онд бүхэл бүтэн УИХ-ын гишүүн хамгаалалттай “Капитал” үүдээ барьсан бол “Ариг” банкны асуудлыг сар гаруйн өмнөөс ил болов. Монголбанкнаас “Ариг”-т бүрэн эрхт төлөөлөгчөө томилоод ийм хугацаа өнгөрсөн бөгөөд “Нөхцөлт удирдлага”-ын арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Төв банкнаас “Ариг”-ийн эздэд өгсөн даалгаврыг биелүүлээгүй, банкны зохистой засаглал алдагдсан нь цаашид банкны үйл ажиллагаа хэвийн явагдахад эрсдэл учруулж болзошгүй учраас хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг  хамгаалах үүднээс бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон гэж тайлбарласан.

Тэгвэл “Ариг” банкны хувьцаа эзэмшигчид өнөөдрийг хүртэл ойлголцоогүй бөгөөд ТУЗ-ийн хурлаа ч хуралдуулж чадаагүй байгаа аж. Үүний дараахан “Ариг” банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг эхнэрийнх хамт хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн болох нь олонд ил болсон. “Ариг” банкны  60.46 хувийг “Дэм санхүүгийн нэгдэл”, үлдсэн 39.54 хувийг  "Улаанбаатар импэкс " эзэмшдэг. "Дэм санхүүгийн нэгдэл" нь Б.Эрдэнэбат мэдлийнх бол "Улаанбаатар импэкс"-ийг Ш.Баярсайхан эзэмшдэг.

"Улаанбаатар Импэкс" бол "Номин Холдинг"-ийн охин компани юм. Үндсэндээ Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хоорондын маргаанаас болж хадгаламж эзэмшигчдийнх нь хөрөнгө эрсдэлд орсон гэсэн үг. Сүүлдээ энэ нь Б.Эрдэнэбатын залилангийн хэрэг болох нь тодорхой болсон. Тэрбээр Ш.Баярсайханыг "Ариг" банканд хөрөнгө оруулахыг ятгаж, 20 гаруй тэрбумын төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон аж. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг болохыг нийслэлийн  прокурорын тогтоолд дурдсан байдаг. Б.Эрдэнэбат Ш.Баярсайхан нар хооронд байгуулсан гэрээндээ оруулсан хөрөнгийн дүнд “Ариг” банк болон БҮК-1 үйлдвэрт хувь хуваах зэргийг тусгаж байжээ.  

Мөн Б.Эрдэнэбатын Хөгжлийн банк, “Хаан” банк, “Хас” банкаас их хэмжээний зээл авч, зээлээ төлөхгүй байгаагийн зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө давхардуулан барьцаанд тавьсан гэдэг мэдээлэл явж байгаа. Ингэснээр Б.Эрдэнэбат-ын "Эрэл групп" 300 орчим тэрбум төгрөгийн өрийн дарамтад орсон бөгөөд эдгээр хэргүүд нь прокурорын хяналтад байгаа ажээ. Тухайлбал, Б.Эрдэнэбатын Ш.Баярсайханд хувь эзэмшүүлэхээр гэрээлсэн БҮК-1 үйлдвэр Хөгжлийн банкны хөрөнгөөр өндийсөн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгаад, хууль хяналтын байгууллагад  шилжүүлэх жагсаалтад Б.Эрдэнэбатын “Эрэл групп”-ийнхээ нэр дээр авсан 99.5 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ мөнгийг БҮК-1 үйлдвэрт зарцуулсан гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ төслийн хэрэгжилт нь хангалтгүйгээс болж зээлийн эргэн төлөлт нь удааширч, хүндрэлд орсон гэдгийг шат шатны төрийн байгууллагын шалгалтаар тогтоосон юм. Хөгжлийн банкны удирдлагууд төдийгүй Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд ч хэлдэг. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас томоохон зээл авсан 7-8 компани дээр эргэн төлөлтийн хуваарь эвдэгдсэн зүйл бий.  Тухайн компаниудын зээлээ эргэн төлж чадах эсэхийг харна. “Эрэл” бол зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийхгүй байгаа компаниудын нэг. Засгийн газар энэ үйлдвэр стратегийн ач холбогдолтой, үгүй гэдэг дүгнэлт гаргана. Хэрвээ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл, Хөгжлийн банкны зээлийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар болгох асуудал яригдана. Эсвэл эргэн төлөлтийн хугацааг нь сунгах гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Тухайн зээл эргэн төлөгдөх боломжтой эсэхийг Хөгжлийн банк өөрөө тогтооно” гэсэн тайлбар өгч байв. 

Хэдийгээр Tөв банкны зүгээс хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд ороогүй гэдэг мэдээлэл өгсөн ч “Ариг” банкны асуудал цаана ийм том алдагдлаар хэмжигдэж байна. Бүр Хөгжлийн банкны хөрөнгийг үнэгүйдүүлж, улс хохирол амсах дээрээ тулсан. Хэрэв шүүхээс төрийн болон залилуулсан гэгдэх Ш.Баярсайханы хохирлыг барагдуулахаар шийдвэрлэвэл, татвар төлөгчдийн олон зуун тэрбум төгрөгийг залилсан “Капитал” банкнаас огт ялгарахгүй болж ирнэ гэсэн үг.  Үүнээс гадна Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн шалгалтын дүнд жижиг банкуудын асуудал сөхөгдөөд байгаа. Өнгөрсөн онд “Капитал” дампуурсан бол өнөө жил “Ариг” банкны үйл ажиллагаанд хүндрэл учраад байна. Маргааш бас 1-2 жижиг банкны асуудал яригдахыг эх сурвалжууд өгөх болоод багагүй хугацаа өнгөрлөө. Угаасаа олон улсын байгууллагаас Монголын арилжааны банкуудад оруулсан шалгалтын хариу гарахад, арилжааны 2-3 банкны асуудал нийтэд ил болчихсон. Нөгөө талаар улс төрийн оролцоотой банкууд бие биенээ хөнөөх үйл явц өрнөөд байна уу гэх хардлага давамгайлна. Учир нь  “Капитал” болон “Ариг”-ийн ардаас яригдах арилжааны банкны нэр бүхий УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн том хэмжээний хувьцаа эзэмшигч болохыг нь эх сурвалжууд өгүүлж байгаа юм.   

Эдгээр шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд "Ариг" банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Тэгвэл Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч "Ариг" банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн гэх мэдээллийг түгээсэн. Харин "Ариг" банкны санхүүгийн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байгаа. Энэ нь олон улсын стандартаас давж буйг онцолж байлаа. Үүнээс өмнө Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Халиунаа өнгөрсөн оны наймдугаар сард “Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй,  Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдаад байгаа нь олон нийт анхаарлыг татаад байх шиг байна. Иймд тус банканд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банканд Банкны тухай  хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар  маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно” гэх мэдээллийг өгч байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(202.179.25.180) 2020 оны 03 сарын 05

ӨӨ ЗА ЗА БАС БААХАН МӨНГӨ УГААЛТ

1  |  0
Ж(66.181.161.83) 2020 оны 03 сарын 05

J time нэртэй сүлжээг хэн оруулж ирж хэнтэй хуйвалдаж аль банкаар завьшсаныг дэлгэх цаг болсоон.Ард түмнээ хомроглон луйвардсан тод жишээ.

1  |  0
Top