Г.Гандөш: Бөх тайлбарлагчдын уралдаанаар залуусаа таниулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

-ӨВ СОЁЛОО ХҮНДЭТГЭЖ, 50 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА-

“Эрхэт Монгол” медиа групп, ТV8 телевизээс санаачлан Монгол Улсын начин, Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, Үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, Соён гэгээрүүлэгч Агвааны Ганбаатар агсны нэрэмжит Үндэсний бөхийн тайлбарлагчдын “Тэнгэрийн дуу” улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. Тус уралдааны гүйцэтгэх продюсер Г.Гандөштэй ярилцлаа.


-Үндэсний бөх тайлбарлагчдын  улсын уралдааныг зохион байгуулах гэж байгаа нь сонирхолтой санагдаж байна л даа?

-Үндэсний бөхийн тайлбарлагч гэдэг бол Монголын үндэсний томоохон өв соёлын нэг. Ялангуяа бөх тайлбарлагчид нь үндэсний бөхийн уламжлалт өв соёлыг тээж явдаг хүмүүсийн нэг. Тэдний гол төлөөлөгчдийн нэг нь Үндэсний бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсан юм. Хэдийгээр бурхны оронд очсон ч гэсэн ард түмэн энэ хүний тайлбарыг одоо хүртэл дурсан санаж байна. Тиймээс үндэсний спортын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан үндэсний бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны дурсгалыг хүндэтгэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахад энэхүү уралдааны зорилго оршиж байна. Мөн монгол туургатны өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэмжих, үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шинэ залуу үндэсний бөхийн тайлбарлагчийг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилготой юм.

Өмнө нь Монголын үндэсний бөх тайлбарлагчдын холбооноос аймгийн хэмжээнд бөх тайлбарлагчдын уралдааныг Монгол үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байсан байдаг. Бидний хувьд улсын хэмжээнд зохион байгуулна. Бөх тайлбарлагчид маань 21 аймгаас оролцох боломжтой. Уралдааны талаар мэдээлэл цацсанаас хойш аймаг, орон нутгаас оролцох хүсэлтэй байгаа талаараа ярьж байгаа. Аймаг, орон нутгийн салбар холбоод ч нутаг орноосоо бөх тайлбарлагчдаа оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Уралдааныг “Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр санаачилсан. Ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” медиа групп, ТV8 телевиз, мэргэжлийн байгууллага гэдгээрээ Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулагчаар ажиллана. Мөн Монголын үндэсний бөх тайлбарлагчдын холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулагчаар ажиллана. Түүнчлэн А.Ганбаатар агсны гэр бүл, найз нөхөд, шавь нар нь дэмжин оролцож байгаа.

-Улсын цолтой бөх тайлбарлагчид оролцох уу?

-Монголын үндэсний бөх тайлбарлагчдын холбооноос өмнө нь зохион байгуулж байсан бөх тайлбарлагчдын уралдаанд томоохон телевизийн бөх тайлбарлагчид, өөрөөр хэлбэл олон нийтэд танигдсан бөх тайлбарлагчид оролцож байсан байдаг. Бидний хувьд энэ уралдаанд улсын цолтой бөх тайлбарлагчдыг оролцуулахгүй. Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбарлагч нарт тэргүүн, ахлах, улсын гэсэн цол олгодог. Улсын эдгээр цолтой бөх тайлбарлагч нарыг оролцуулахгүй. Аймаг, сум орон нутагтаа бөх тайлбарладаг тайлбарлагч нарыг оролцуулж, үндэсний залуу бөх тайлбарлагч нарыг гаргаж ирэхийг зорино. Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сум, дүүргээс үндэсний бөх сонирхогч, бөхийн тайлбарлагч болох хүсэл эрмэлзэлтэй иргэн нас, хүйс харгалзахгүй оролцох боломжтой.  Ер нь энэ уралдаанаас өсвөрийн шинэ залуу тайлбарлагч нарыг төрүүлэн гаргах нь чухал юм.

Хоёр жил тутамд нэг удаа уламжлал болгон зохион байгуулъя гэж төлөвлөж байна. ТВ8 телевизээр дамжуулан үзэгч, бөх сонирхогчид үндэсний хэмжээний сонирхолтой шинэ контентыг хүлээн авч үзнэ.

-Улсын цолтой бөх тайлбарлагч хэчнээн байдаг юм бэ. Олонд танигдсан бөх тайлбарлагчид их цөөхөн байдаг шүү дээ?

-Улсын тэргүүн тайлбарлагч гэхэд Б.Цогтбаатар ах, Г.Баярцэнгэл гуай гээд хоёрхон хүн байдаг. Улсын ахлах тайлбарлагч Ц.Батнасан, А.Ганболд, С.Гантөр гээд гуравхан хүн бий гэж сонссон. Улсын тайлбарлагч хэдэн хүн байдгийг мэдэхгүй. Түүнээс доош маш олон тайлбарлагч ямар зэрэг, цолтойг мэдэхгүй байна. Уралдааныг хоёр жил тутамд нэг удаа уламжлал болгон зохион байгуулъя гэж төлөвлөж байна.

-Бөх тайлбарлагчдын улсын уралдааныг хэдэн үе шаттай, хэрхэн зохион байгуулах вэ?

-Уралдааны үе шат нь долоон даваатай үргэлжилнэ. Нийгмийн сүлжээ болон тусгай дугаарт мессежээр дамжуулан телевиз үзэгч, бөх сонирхогчид санал, дүгнэлтээ өгөх боломжтой. Тайлбарлагчид нэгдүгээр мэдээж бөхийн барилдааныг тайлбарлана. Бөхийн барилдааны бичлэг тайлбарлана гэсэн үг. Хоёрдугаарт тайлбарлагч нарын бөхийн спортын мэдлэгийг сорино. Бөхийн тайлбарлагч болох гэж байгаа хүн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг үүх түүхээр нь сайн мэддэг байх ёстой. Тухайлбал, 1980, 1990 оноос хойших Улсын баяр наадмын бөхийн барилдаанд цол авч байсан бөхчүүдийн амжилт, барилдааны түүхийг даалгавар маягаар өгөх зэргээр мэдлэгийн сорилуудыг авна.

-Уралдааны шүүгчээр ямар хүмүүс ажиллах уу?

-Нэгийн даваанаас эхлээд ахлах шүүгч, нэгдүгээр шүүгч, зочин шүүгч гэсэн гурван шүүгчтэй байна. Улсын ахлах тайлбарлагч Ц.Батнасан ахлах шүүгчээр ажиллана. Мөн бөхийн талаас нь Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү ажиллах юм. Зочин шүүгчээр аваргуудаас эхлээд спорт, соёл урлагийн шилдгүүд ажиллана. Уралдааны тэргүүн байр эзэлсэн бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны хөшөөний дүрс бүхий алтан цом, Prius30 автомашин, дэд байр байрт орсон бөх тайлбарлагч мөнгөн цом, 10 сая төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн  хоёр бөх тайлбарлагч хүрэл цом, тус бүр таван сая төгрөг гардана. 

Түүнчлэн уралдааны хүрээнд “Тэнгэрийн дуу” бөхийн тайлбарлагчдын улсын уралдаанд зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Уралдааны их шөвгийн найман тайлбарлагч А.Ганбаатар агсны төрсөн нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд очиж, талийгаачийн гэр музейгээр зочлон, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэх хөтөлбөр багтсан.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бавуудорж. Нармандах(202.126.89.120) 2020 оны 03 сарын 08

Сайхан уралдаан болох нь ээ.Өмнөх уралдаанууд Улсын хэмжээний байсан шүү . Уламжлал болоод 6н Уралдаан хийсэн.Хамтраад хийвэл Зүг нь 1 юм даа Та бүхэндээ амжилт хүсэе

0  |  0
зочин(66.181.161.41) 2020 оны 03 сарын 08

Энэ бөөрөнхий хутгууш нөхөр чинь энд хутгуураа хийж яваа юмуу

0  |  0
Gankhuyag Balbar(192.82.65.175) 2020 оны 03 сарын 07

БӨХ ТАЙЛБАРЛАГЧДЫН УРАЛДААН БОЛОХ ГЭНЭ. ТЭРХҮҮ УРАЛДААНЫ ТУХАЙ САНАЛ ЗӨВЛӨМЖ\nБадамсэрээжид гуай, Чанарав гуай нар сайхан тайлбарладаг байсан. Тэд улсын өндөр цолтой, уран барилдаантай, олон жил сайн барилдсан, бөхийг бүх талаар нь маш сайн ойлгосон мэдсэн хүмүүс байж. Тэд хэлбэр хөөдөггүй агуулгыг хэлдэг байж. Бөхийн тайлбарт дуу хоолойны өнгө, бусдыг хоосон магтах нь чухал биш юм шүү. Ганбаатар агсанаас хойш бөхийн тайлбар хоосон магтаал тал руугаа хэт хэлбийсэн. Одоогийн тайлбарлагчид нутаг ус, хамаатан ах дүү, удам судар, түр зуурын магтаал ярихаас цаашгүй байна. Зарим үед өмнөөс нь нүүр ул

0  |  1
Хаө(64.119.27.222) 2020 оны 03 сарын 05

Баярцээгэл гуай олон жилийн өмнө өөд болсон байхаа

0  |  0
ЦОЛМОН(103.229.122.71) 2020 оны 03 сарын 05

Бөх тайлбарлагчид хавсрах мэхийг хавирах гээд л дан буюу давхар цохих барьцтай барьцгүй цохих мэхийг өшиглөх гээд л тайлбарлаж байдаг юм хир зэрэг зөв тайлбар юм болдоо уг нь Чойжилсүрэн арслан шиг барьцтай барьцгүй цохих мэх хийдэг бөх байхгүй болсон болхоор өшиглөх гэх нь зөв юм болвуу

0  |  0
ssss(202.179.27.56) 2020 оны 03 сарын 05

Эхлээд өөртөө анхаарал тавьбал яасийн. Гүзээ сэвсээ цэвэрлэ.

0  |  0
Top