Яруу найрагч Б.Болорцэрэн: Амьдрал хүүхнүүдэд арай л их итгэдэг юм шиг санагддаг

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

Хавар! Хайр! Энэ бүхнийг найрагчид л хамгийн яруугаар магтан дуулж, хүн бүхний сэтгэлийг хөглөх эгшиг нь болдог билээ. Найрагч, тэр тусам бүсгүй найрагч өөрөө хавар, хайрын бэлгэдэл гэлтэй ихэмсэгхэн, эрхэмсэгхэн оршиж энэ орчлонгийн тухай яруухан мөртүүдээ тэрлэнхэн суудаг аа. Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулаад нэгэн бүсгүй найрагчийн бичгийн ширээнээ та бүхнийг урин залж, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзууллаа. Тэрбээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч”, шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм.

 



-Танд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Хавар цагийн тухай догдлол болоод бага насныхаа тухай Мартын наймны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Чамд мөн баярын мэндийг хүргэе ээ. Хавар болоод намрыг би хүүхэн улирал гэж боддог. Хаврын салхинд хормой дэрвэхийг, хаврын бороонд үс минь ургая гэж задрахыг анзаарсан цаг мөчөөс хойш  хаврыг би халуун танхи хүүхэн улирал гэж итгэсэн. Ирж яваа нь хүртэл ээж минь юм шиг дотно дулаахан санагддаг болохоор тосоод гүймээр хөөрдөг. Хаврын дэлхийд би  хачин их хайртай. Энэ улирал намайг ээж болгосон. Эмэгтэйчүүдийн баяр тохиодог болохоор ээжийгээ  ч бас баярлуулсан байх гэж боддог. Мартын найман бүхэнд ээждээ зураг зурж, бас ном бэлэглэдэг байсан. Ээжийнхээ үсийг самнаж өгч байсан минь ээжийгээ инээлгэж байсан минь тодхон үлджээ. Амьтай бүхэн аавтай ч ээждээ л илүү эрхэлдэг хорвоо шүү дээ. Ээжийгээ л их санаж байна. Бүх сайхан эмэгтэйчүүддээ баярын мэндийг хүргээд эрүүл энхийг хүсье ээ.

-Та Монголын орчин цагийн дууны яруу найргийн нэгэн төлөөлөл болж олон сайхан дуу бүтээсэн. Уржнан жил “Амьдралын зураг” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ нижгэр хийсэн шүү дээ?

-Баярлалаа. Би анхны номоо ээждээ зориулж хэвлүүлсэн. Анхны дуун цэнгүүнээ “Амьдралын зураг” нэртэйгээр аавдаа зориулсан. Аав ээж хоёр минь намайг шүлэг бичих болсонд маш их баярладаг байсан болохоор ачийг нь бага ч болтугай хариулах зам энэ байж мэднэ гэж итгэсэн. Итгэл үнэмшил минь намайг шүлэг бичүүлсээр байгаа. Ээж, аавыгаа баярлуулахыг хичээсэн  чин хүслийг минь дэмжсэн олон олон уран бүтээлчдэдээ баярласаар байгаа. Эзнээ голж үзээгүй дур хүсэлдээ, итгэлээ өдий хүртэл алдаагүй өөртөө ч талархаж байгаа. Аавдаа ээждээ болоод амьдрах шалтгаан тарьсан охиндоо л яруу найрагч байх минь хангалттай. Хүн өөрийнхөө хэр хэмжээг мэддэг шүү дээ. Тиймээс би өөрийгөө шахаж шаардаад ч юм уу амьдралд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй ээ. Баяртайгаар шүлгээ бичдэг. Байгаадаа сэтгэл ханадаг. Өөрөөрөө өөрийнхөөрөө л байдаг.

-Танд “Гангараа” хэмээх  эр хүний тухай магтан дуулсан олны хүртээл болсон дуу бий. Монгол эр хүн ямар зан чанараараа гангарах ёстой вэ?

-Хүн чанар бол хүн бүхний хамгийн дээд гангараа. Эр хүн зөв байх нь, төв байх нь их эрхэм санагддаг.

-“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн алдаршсан ардын уран зохиолч Шагдарын Дулмаа таны багш. Та багшаасаа ямар зан чанарыг нь өөртөө шингээж үлгэрлэж явахыг хичээдэг вэ?

-Шагдарын Дулмаа багшийн шавь гэдгээрээ үргэлж бахархдаг. Багшийн сэтгэл дандаа харагддаг. Багшаас дандаа гоё сайхныг мэдрэгддэг. Бурхан хичээнгүйлэн бүтээгээд бусдад гайхширлыг төрүүл гээд илгээсэн мэт... Агуу гэдэг үгийн тайлал бол миний багшийн амьдрал мөн. Нэг хүнд яаж ийм олон сайхан чанар нэвт гэрэлтэн суудаг байна аа гэж гайхмаар. Мэдээж багш хүн шүү дээ. Гоё сайхан чанараа шавь нартаа зааж сургасан. Залж чиглүүлсэн. Яруу найрагч Ш.Лхамноржмаа Ш.Анхтуяа Д.Оюундэлгэр эгчээс тэр сайхан чанар илүү илт мэдрэгддэг. Багш их хичээнгүй. Тэр чанарыг нь өвлөх сөн. Амьдрах замынхаа туршид гэрэлтүүлэг болгох сон гэж хүсдэг.

-Та бол олон охин үртэй айлын хүүхэд. Баярынхаа өдөр олон сайхан бүтээлийн эзэн болсон таны эгч Б.Цоожчулуунцэцэг найрагчийн талаар асуулгүй өнгөрч боломгүй?

-Эгчээрээ  бахархдаг. Эгчтэй төрсөндөө баярладаг. Эгч бол миний толь байсан. Үлгэр дуурайлал. Эгчийгээ дагаад л ажил хийж сурсан. Эгчийгээ дуурайгаад л шүлэг бичдэг болсон. Би хааяа оюутан цагтаа эргэж очоод эгчдээ сайхан эрхлэх сэн гэж боддог. Эгч тэр үед яг л миний төлөө төрсөн хүн шиг хамаг бүхнээ надад зориулдаг байсан. Миний дураар, би ч их дураараа байсан. Ямар сайндаа л өдөр бүхэн ажил дээр нь гүйгээд очно. Эрхлэгч нь намайг харуутаа л “Цоожоо татварын байцаагч чинь ирчихсэн байна” гэдэг сэн. Эгчдээ тэр үед л эрхлэхийг утгаар нь үзүүлсэн дээ. Энэ сайхан баярын өдрийг тохиолдуулаад эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Айлын том хэмээх хүндхэн албаны ачааны ихийг амьдралын туршид үүрч яваа албатай юм шиг дүүрч яваа эгчдээ хайртай. Маш их хайртай.

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ах нэгэнтээ бичсэн шүү дээ.

“Буруу юу, зөв үү гээд асуухаар

Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр” гэж. Хачин, сонин болохоор нь хүмүүс сонирхдог байх. Сонирхоод боддог, бичдэг байх. Сонирхлыг татагч үе, нас ч гэж байдаг байх. Тэр тусмаа яруу найрагчид их сониуч.

 

-“Зүгээр л инээмсэглэ”, “Зунаараа намар”, “Амраг намар”, “Чин үнэнч”, “”Бидэн хамтдаа” гээд та хит болсон олон дуутай. Уран бүтээлч хүн бүтээл бүхнээ өөрийн үр шигээ хайрладаг. Энд тэнд явж байхад дуу нь эгшиглээд эхлэхээр догдолж хөөрнө биз?

-Сайхан санагддаг шүү. Хамтран ажилласан уран бүтээлчдэдээ илүү их талархана. Би хамгийн анх “Чин үнэнч” дуугаа фм-ээр сонсож байсан хөгжилтэй явдлаа ярьчих уу. Би нутагтаа зусаж ирээд тээврийн товчоон дээрээс харихаар автобусанд суув аа.Тэгсэн чинь нэг л танил дуу яваад байна шүү. Юу билээ гэж манарсаар байтал өнөө дуу ч дуусах дөхлөө. Гэтэл миний  шүлгийг нь бичсэн "Чин үнэнч"дуу ч мөн болж таарлаа шүү. Ээ, би ч хамаг дэлхийгээр хашгирмаар л хөөрлөө. Учир нь миний шүлгийг нь бичсэн дуу хамгийн анх удаа фм-ээр явж байгаа нь тэр л дээ. Хөөрөөд онгироод хөл газар хүрэхгүй л юм болов. Хүн гэж давруу шүү. Хүмүүст бүр хэлмээр санагдав. Даанч хэлэх учраа олж ядан дэмий л амандаа аялж явтал дуу минь ч дууслаа. Би ч нэг л гомдолтой. Тэгэхээр нь хажуудаа сууж явсан ахад”Саяны дууны шүлгийг нь би бичсэн шүү дээ” гээд л сэм шивнэв. Гэтэл нөгөө ах над руу нэг их том харснаа “Жолооч оо, саяныхаа дууг ахиад тавь даа” гээд л учиргүй чангаар хашгирсан. /инээв/ Тэр ах нэлээн халамцуу байсныг тэгэхэд л би мэдсэн. Гэхдээ жолооч дууг минь ахиад тавиагүй ээ. Учир нь фм-ээр яваад дууссан. Яаж ахиад явах вэ дээ. Ухраах боломжгүй. Тэр ах ч”Саяны дуу яав аа, ахиад явуул” гэж хэлээ биз дээ. Энэ хүүхэд шүлгийг нь бичсэн гээд байна. Дууны нэр нь юу билээ, хэн дууллаа” гэж намайг шалсаар жолооч руу хашхирсаар  байсан.  Би бүр санаа зовоод буумаар байвч бөөн ачаа тээштэй. Буудал дөхөөгүй байдаг. Үнэхээр ичмээр байсан ч одоо бодоход хөгжилтэй санагддаг. Түүнээс хойш нэг их дэвэлзэж дэгээгүй ээ. Гэхдээ л нөгөө багын онгироо зан бол байна аа, байна.

-Нээрээ л нэг тийм дэврүүн  зан уран бүтээлчдээс анзаарагддаг шүү. Магтаалд нисдэг ч урамшаад улам ихийг бүтээдэг гээд л...?

-Тийм шүү. Урам дэм гэдэг уран бүтээлчдийн хувьд учрах бүтээл бүхнийг нь урин дуудаж байдаг. Урамшил шагнал гэхээсээ илүү би охиныхоо магтаалын үгэнд их дуртай. Өндрөө аваад л нисчихнэ шүү дээ. Өөртөө маш их итгэл нэмдэг. Өөдрөг байх зам жимийг нээдэг.

 -Гол мөрөн миний толь юм
Гоо сайхан миний сэтгэл юм
Үүрийн гэгээ хүслэнт энгэсэг минь юм
Өглөөний наран хүндэт титэм минь юм”
хэмээн та байгаль, бүсгүй хүн хоёрыг их өвөрмөц, содон зүйрлэж бичсэн байдаг. Гоо сайхан гэдэг таны хувьд ямар тодотголтой вэ?

-Гоо сайхны охь булаг бол байгаль дэлхий. Түүний өнгө, үнэр, ааш араншин гээд өөрийнхөөрөө байгаа нь өөрөө гоо сайхан. Унаган байгалийн төрхөнд ууссан бүсгүй хүнээс гоо сайхан илүү тод  харагддаг. Эрүүл гоё мэдрэгддэг. Тэгээд л “Зүгээр л инээмсэглэ” шүлгээ бичсэн. Дуучин Э.Чулуунчимэг дүү маань ч бас шүлгийн санаагаа дэлгэрэнгүй өгсөн. Нэмээд мэдээж та л бичиж чадна гэж хэлсэн. Хайртай бүхний минь надад өгсөн итгэлийг хамтран ажилладаг уран бүтээлчид минь бөхөлж байдагт маш их баярладаг. Урам дэм бүхнээс  улам хичээх хүслийг олдог. Поп дива дуучин С.Наран эгч, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал бүгд л “Чи л бичиж чадна” гээд нөгөө онгироо хүнийг чинь хөөргөчихөөр хичээхээс аргагүй.

-Поп дива С.Наран эгч гэснээс та хоёр нэлээн  олон дуутай байх шүү?

-Тиймээ. “Миний нутгийн дүү. Миний яруу найрагч” гээд л намайг их хөөргөдөг. Хөглөдөг. Өөрөө их дайчин жинхэнэ уран бүтээлч хүн шүү дээ. Үнэхээр мундаг. Бүр нэг чин сэтгэлээсээ. Гайхамшигтай сайхан дуучин. Бид хоёр арваад дуутай. “Шинэ шүлэг бичиж байна уу” гээд мөн их шалдаг уран бүтээлч Наран эгч. Намайг ер нь зүгээр суулгах тун дургүй хүн дээ.

-Та олон сайхан дуучид, уран бүтээлчидтэй хамтран олон уран бүтээл төрүүлсэн. Уран бүтээлч хүний зарчмын талаар таны бодол?

-Хариуцлагатай, хичээнгүй байх. Хамгийн чухал нь хүсэл мөрөөдөл эрэл хайгуулч байх хэрэгтэй. Мэдээж мэдрэмж чухал. С.Наран эгчээс бол энэ чанарууд нэвт гэрэлтдэг. Бас дуучин Э.Чулуунчимэгээс тод харагддаг. Хамтран ажиллахад урамтай. Сурах зүйл их байдаг шүү.

-Х.Мөнгөнцэцэгийн дуулсан “Нууцхан”, Б.Чанцалдуламын дуулсан “Гомдох эрхгүй”, Н.Сахиагийн дуулсан “Сэмхэн дурлал” зэрэг гомдох эрхгүй нууцхан хайрын тухай бүтээлүүд ч чамгүй төрүүлжээ. Та нууцхан хайрын тухай юу гэж боддог вэ?

-Бодохгүй байгаа. Бодохгүй болохоор бичихгүй байгаа. Чухам галзуу хорин хэдхэн насанд бол үнэн зоригтой бичдэг байжээ. Бүр нэг ном хүртэл хэвлүүлж байсан.”Хайрыг минь зураад өгөөч”гээд...

"...Хорвоод миний захиалсан

Хос дэрний тухай

Хоролмаа хэзээ ч

Муу хүүхэн байгаагүй тухай

Цаасан малгай

Бурханд яагаад зохисон тухай

Нуусан дурлал

Бууж яагаад өгсөн тухай

Амьдрал өөрөө бичиг

Алдаагаа тэгээд засаг”

гэж ирээд л сүртэй, сүртэй. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ах нэгэнтээ бичсэн шүү дээ.

“Буруу юу, зөв үү гээд асуухаар

Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр”

гэж. Хачин, сонин болохоор нь хүмүүс сонирхдог байх. Сонирхоод боддог, бичдэг байх. Сонирхлыг татагч үе, нас ч гэж байдаг байх. Тэр тусмаа яруу найрагчид их сониуч. Хүн бүхнийг, юм бүхнийг их анзаардаг, мэдэрдэг.  Хүн бүхнээс юм бүхнээс сайн сайхныг хайдаг. Сэтгэл зүрх бүхний төлөөлөл байдаг.

Амьдрал хүүхнүүдэд арай л их итгэдэг юм шиг санагддаг. Ачааны хүндийг итгэлийн ихийг үүрүүлээд байх шиг. Аль аль нь хүнд шүү дээ. Ээж хүний хувьд эмзэглэх зүйл бишгүй их ээ. Энэ нийгэм охидод ээлтэй элэгтэй байгаасай. Охид бүхэн чинь орчлонд итгэж ургадаг цэцэг шүү дээ. Хайрлаасай, хамгаалаасай билээ.

 

-Хайр дурлалыг та юутай зүйрлэх вэ?

-Хайр дурлалыг хавартай л зүйрлэнэ. Хавар дандаа л дурлачихсан ирээд хамаг бүхнийг урвуулж орхидог шүү дээ.

-Энэхэн мөчид та яг юу хүсэж байна вэ?

-Алтан наран мандсаар байгаасай. Амьтай бүхэн амгалан байгаасай гэж хүсэж байна. Үргэлж залбирдаг даа.

-“Шинэ мянган” утга зохиолын бүлгэмээс Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа, Л.Моломжамц Ц.Эрдэнэбаатар, М.Отгонбаяр гээд Болор цомын эзэд олноороо төрсөн. Сүүлийн үед цомд бүтээлээ сойж байна уу?

-Сүүлийн үед өөртөө болмоор гэж бодогдох шүлэг бичиж чадахгүй байгаа. Тэгээд л орохгүй байгаа.

-Дууны уран бүтээлтэй холбоотой юм болов уу?

-Магадгүй ээ. Ер нь өөрийгөө маш их чамлах болсон. Дууны шүлгүүд минь ч эргээд сонсохоор дутуу дулимагхан санагдаад л байгаа. Дуучдын итгэл гэдэг үнэтэй. Дуу хоолой шигээ нарийн нандин. Нэг л хоолойнд ороод гарчихвал засаж залруулах боломжгүй. Нэг үг байтугай нэг үсэг л буруу хэлэгдэхэд утга санаа алдагддаг. Дууны шүлэг ямар байна аялгуу эгшиг ч адил өнгөтэй гэж ярьдаг. Хамтын бүтээл гэдэг утгаараа хариуцлагатай байх ёстой. Хамт олноо чирээд байж болохгүй. Өмнөх шигээ өөртөө бичээд таалагдахгүй бол ураад хаяхаас, мартаад босохоос өөр л дөө. Гэхдээ л авууштай зүйл их шүү. Хөгжмийн зохиолчоо дуучнаа хүндлэхээс эхлээд хайр талархал харамгүй их ирдэг. Сайлж муулах нь хамаагүй ээ. Өөрийгөө хайж яваа над шиг хүнд үнэнтэй тулах нь  том аз завшаан. Шүлэг ямар байх ёстойг, би хэн бэ гэдгээ одоо л ойлгох гэж байна. Маргааш дахин мандах нар шиг тийм итгэлтэйгээр маргааш л яг анхны шүлгээ бичнэ дээ гэж итгэдэг гэнэн охин шиг үг үсэгтэйгээ тулж суух нь надад олзуурхууштай гоё байгаа.

-“Шинэ мянган”-ы тод төлөөлөл, сод  эгшиглэнт яруу найрагч Л.Ганзул хэмээх эрхэм сайхан нөхөр та бидний дунд дахин давтагдашгүй шүлэг бүтээлээ үлдээгээд одсон. Ээнэгшиж ижилдсэн найрагч нөхдөө одоход сэтгэлдээ ямархан гунигтай үлднэм бэ?

-Ганзулыгаа маш их санаж байна. Ганц би гэлтгүй бүгдэд жиндүү байна. Галгүй өвлийг угтах шиг Зулгүй тиймхэн л байна даа. Аль зөөлнөө л элэг барьдаг аль сайхнаа л эхэлж гээдэг хорвоо юм биш үү дээ. Олныхоо дунд наргиан хөгжөөн үүсгэн инээлгэж л суудаг А.Эрдэнэ-очир ахыгаа, үгнээс нь нутаг, харцнаас нь тэнгэр үнэртдэг Дархад Мийгаа ахыгаа, эвий муу Ганзулыгаа, зөөлөн дуутай Гансүрэн ахыгаа гээд эрхэм найрагчдаа бодохоор эвийлэхээс, эмтрэхээс  хэтрэхгүй юм. Улирал солигдох агшин бүр уйтай хүнд байх юм. Эмзэг, хэт мэдрэг элэг зүрхнээсээ санаж байна.Их л санаж байна даа.

-Ш.Лхамноржмаа Б.Урангоо, Д.Оюундэлгэр, Б.Чулуунцэцэг, Ш.Анхтуяа гээд нэгэн үеийн бүсгүй найрагчидтайгаа халгиж цалгиж явах шиг жаргал хаа байх вэ? Эмэгтэйчүүдийн баяраар бүсгүй найрагчдынхаа тухай гэрэлт нөхөрлөл, гэгэлгэн дурсамж аа хуучилна уу?

-Бид бүгдээрээ “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн. Ихэнх нь хаан найргийн хатан Дулмаа багшийн шавь нар. Яруу найргийн гэгээн цутгалан Утга Зохиолын дээд сургуулийн төгсөгчид. Бахархалтай ийм гоё нөхөрлөл баргийн хүүхнүүдэд заяахгүй нь мэдээж. Бас дээр нь хачин гоё Ичин эгчийгээ нэмчихвэл ч халгиж цалгиад сүртэй шүү дээ. Хэлхээтэй сувд шиг ихэмсэг хэвээр хэчнээн чиг олон он жилийг эгнэн туулах юм бүү мэд. Итгэл сэтгэлээ дутаасангүй инээд хөөрөө ч дундалсангүй. Хавар айсуй болохоор уулзахын хүслэн уруу татахын шалтаг их ээ. Ичин эгч бол их эртнээс өдсөн. Хавар ч болчихлоо. Удахгүй нэг утгаар нь уулзана байх аа.

-Гоё уулзалт болох нь.

“Хүүхэн бүхний хүсэл ийм л байдаг даа гэмээр

Хөөрхөн сайхан харагдмаар улирал бүхэн биднийх шүү”

гээд таны дууны шүлэг байдаг. Хөөрч дэвэлзсэн хөөрхөн сайхан хүүхнүүд ер нь уулзахаараа хамгийн түрүүнд юу ярих бол?

-Ганзулыгаа мэдээж ярина. Ганц нэг юм хүртэх нь тодорхой. Инээнэ, уйлна, эдгэрнэ тэврэлдэнэ байх. Лхамаа эгч эрхэлнэ. Чука уйлна. Хаана хэдүүлээ томоожих юм бэ гэдэг үг л хариултгүй үлдэнэ байх. Хасарынд очих сон гэж хаа эртээс их бодож байгаа. Бушуухан уулзах сан. Бүр догдолчихлоо.

-Энэ амьдралын нар болсон энхрий хайрт охиндоо зориулж
“Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг
Олж автлаа л ээж нь амьд явахыг хүснэ”

гэж  та “Амьдрах шалтгаан” шүлэгтээ бичсэн байдаг. Энэ амьдрал,  энэ нийгэм охидод хэр ээлтэй байна гэж та боддог вэ, бас өнөөгийн охид бүсгүйчүүдийн талаар эмзэглэж явдаг зүйл?

-Амьдрал хүүхнүүдэд арай л их итгэдэг юм шиг санагддаг. Ачааны хүндийг итгэлийн ихийг үүрүүлээд байх шиг. Аль аль нь хүнд шүү дээ. Ээж хүний хувьд эмзэглэх зүйл бишгүй их ээ. Энэ нийгэм охидод ээлтэй элэгтэй байгаасай. Охид бүхэн чинь орчлонд итгэж ургадаг цэцэг шүү дээ. Хайрлаасай, хамгаалаасай билээ.

-Ярианыхаа төгсгөлд охид эмэгтэйчүүддээ хандан үг хэлнэ үү?

-Ийм гоо улирлыг урин дуудагч бүх сайхан эмэгтэйчүүддээ хаврын мэндийг,баярын мэндийг ахин хүргэе ээ. Нас насандаа л гоё харагдаарай найз хүүхнүүд минь. Намба төрхөндөө л зохисон байгаарай хайрт хүүхнүүд минь ... Надад мөн шүлэг бичих санаа тарьж шалтгаан үүсгэсэн хэн бүхэнд юм бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл энхийг хүсье ээ.

 

*           *            *

...Гадаах цас

Гуталтай минь хамт

Гудамжинд ханзарна

Гадаах өвөл

Гунигтай минь хамт

Одоохон буцна

Хаврын бороо

Гэнэн сэтгэлийг минь

Шүхэр шиг дэлгэнэ

Хайрын улирал

Гэрэлт хүслийг минь

Шүлэг шиг уншина

Хил хязгааргүй сонгодог хөгжмийн

Хэл дуулгахаар хавар ирнэ

Хүүхэн найрагчид дурлалаа илчлэхээр

Хөгжмийн зохиолч шиг хавар ирнэ

 

*           *            *

...Чамдаа л бол хэчнээн ч хэлсэн уйдахгүй нэг үгийг олоод

Цааш давтаад хэчнээн ч хүлээсэн дуусахгүй их хайранд автаад

Өөрийгөө чам руу зөөх өглөгийн зам болов би

Үнэнчээр нээрэн дурлаад хацрынхаа туяанаас мандав би

Чамтай л бол хэчнээн ч мөрөөссөн ханахгүй хүслийн туйлд хүрээд

Цааш одоод хэчнээн ч савчуулсан алдрахгүй зүрх сэтгэлд ороогдоод

Санахад хол гэж үгүйг сануулахын гэрчээр татагдав би

Салахад мартана гэдэг л худлааг итгүүлэхийн дээдээр мэдэгдэв би

Чамдаа л гэж...


*           *            *

 

Бидэн хоёр


Биесээ гэр шигээ зорьсоор

Бидэн хоёр замын дунд айл болно

Биесээ гэм шигээ өмөөрсөөр

Бидэн хоёр жамын эрхэнд амь болно

Биесээ зүүд шигээ манасаар

Бидэн хоёр эвийн ганц дэр болно

Биесээ охин шигээ тэвэрсээр

Бидэн хоёр энгэрийн ганц зүүлт болно

Биесээ сүү шиг хөөргөсөөр

Бидэн хоёр эрхэлж нялхарсаар адилхан болно

Биесээ хүү шигээ дуурайсаар

Бидэн хоёр эндүүрч мэдэхээр ижилхэн болно

Биесээ бурхан шиг шүтсээр

Бидэн хоёр жаргалын ганц хань болно

Биесээ буруу шигээ үүрсээр

Бидэн хоёр мөргөлийн их сүм болно

Биесээ нулимс шигээ дагасаар

Бидэн хоёр хаврын анхны бороо болно

Биесээ нас шигээ зөөсөөр

Бидэн хоёр хамгийн сүүлчийн цас болно

Биесээ сэтгэл шигээ өргөсөөр

Бидэн хоёр тэнгэрийн давааг ч хамт давна

Битгий яваач дээ гэж хэндээ ч хэлэхгүй ээ

Бидэн хоёр уулзаад нэг л хүн болно

 

*           *            *

Өөдрөг мөрт

Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
Үзээгүй эрчүүд, эдлээгүй жаргалыг
Өөрийн болгож амжаагүй байхад
Үхэх хаа ч байсан юм
Өнөөдрөөс л амьдрал эхэлж байна
Ахиад алдахад нас залуу байна
Амжих дурлахад намба эртдэж байна
Үймүүлж болох гоё цаг ирж байна
Үүсгэж болох гоё боломж олдож байна
Өнгөрүүлсэн амьдралдаа би мөрөөдөж сурсан
Өнөөдрөөс биелнэ ямар ч эрсдэлгүйгээр
Өөрийн ирээдүйг би зохион бүтээсэн
Өнөөдрөөс туршина ямар ч хохиролгүйгээр
Хамгийн өндөрт үйлдсэн нислэг минь амжилттай болж
Харсан эрийнхээ зүрхэн дээр би шүхрээ задална
Онож буусан газрын зөөлөн хатуу нь хамаагүй ээ
Олон дурлалд өвдөлт төдийхөн юу ч биш
Сэтгэлд минь овор алга, би залуу байна
Шинэхэн дурлал сэдэхийг бодоход би ануухан байна
Янаг дэмий гэж үү би эсэргүүцэж байна
Яасан гоё гээч та нар мэдэхгүй л байна
Өр зүрхэнд минь дурлах шалтгаан нэмж
Өнөөдрийн дотор хэчнээн хүү төрөө бол
Үүнийх нь тоогоор би улам залуужсаар байхад
Өргөн дэлхийд болзох газар олдохдоо л олдоно
Өөр надад юу хэрэгтэй гэж
Нас бол тоо юм
Өчнөөн жилийн хойно ч би дурлачихсан л явна
Амьдрал болоод үхэл, амраг хөвгүүдийнхээ хэнд ч
Ав адилхан хайраа би түгээх л болно, хүртээх л болно
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр

 

*           *            *

Амьдрах шалтгаан

Жижигхэн зүрхэнд чинь агуу том мөрөөдлүүд тээгээд
Жил саруудыг ээж нь чамаараа л угтахыг хүснэ
Сурсан зангаараа ээж нь шанаагаа тулаад
Суутан мэт бодлогоширч удаан суухдаа
Чамаас минь өөр надад үнэнч үлдэх хэнийг ч
Чанх тэнгэрийн доор олж харахгүйдээ л итгэдэг
Учир асуун шалгаах шулга жаахан үр минь
Уудалж яримаар үнэнийг ойлгоход чи минь балчирхан
Сонсохыг хүсдэг үлгэрээс чинь тэс ондоо амьдралд
Сонголт гэж үгүйд л эмзэглэл оршдог шүү үр минь
Ээжийгээ нартай хамт хөтлөөд инээдээр булсан чиний хайртай зураг
Ээжийгээ настай хамт үүрээд эрдэнээр гоёсон чиний хайртай дүрслэл
Амьдралыг үнэлэх цаг хугацааны шалгуурт сонгодог нэгэн бүтээл болж
Агуу ертөнцийн гарт хадгалагдан үлдэнэ ээ үр минь
Уулнаас өндөр одноос олон хайртай гэж хэлэхэд чинь
Уснаас гүн тэнгэрээс том хайртай гэж хэлэхэд чинь
Хамгийн гоё шүлгийг ганцхан чамаасаа л сонсохоор
Халуухан амийг чинь төрүүлсэндээ талархаад барахгүй болохоор
Эцсийн зогсоол хүртэл бурханы зурсан замаар
Ээж нь чинийхээ гарыг алгандаа цэцэглээд алхана
Элээх насныхаа тоог гүйцээж тушаахын цагтаа
Эргэж чамдаа л төрөхөөр алсхан яваад ирнэ
Энхрий охин минь чи хаврын ногоо шиг ургаж байна
Эмээг нь эргэхээр намрын шувууд буцаж байна
Өөрийгөө элтэл чи ээжийгээ санах болохоор
Үүрд амьдрахын шалтгаан ганцхан чамдаа л хорогдоно
Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг
Олж автлаа л ээж нь амьд явахыг хүснэ.

 

*           *            *

Бүсгүй ертөнц

Хүүхэн бүхний хүсэл ийм л байдаг даа гэмээр

Хөөрхөн сайхан харагдмаар улирал бүхэн биднийх шүү

Энхрий ханийнхаа тэвэрт энгэрийн гоёл шиг гэрэлтээрэй

Эрхэлж суугаа бүсгүйгээс залуу нас үргэхгүй

 

Ээж бүхний сэтгэл ийм л байдаг даа гэмээр

Энэрэл хайраар чимсэн өдөр бүхэн биднийх шүү

Ивий үрсийнхээ дэргэд хаврын сар шиг цэцэглээрэй

Инээж суугаа ээжээс цаг хугацаа яарахгүй

 

Бүсгүй бүхний мөрөөдөл ийм л байдаг даа гэмээр

Бүгдээрээ гоёоод алхмаар ертөнц бидний толь шүү

Өчигдрийн гомдлоо орхиод харц дээгүүр алхаарай

Өөртөө итгэлтэй бүсгүйгээс үзэсгэлэн гоо урвахгүй

 

Сугадалцаад алхаарай гунхана шүү хүүхнүүд минь

Нудралцаад инээгээрэй тольдоно шүү хүүхнүүд минь

Нас насандаа л гоё харагдаарай найз хүүхнүүд минь

Намба төрхөндөө л зохисон байгаарай хайрт хүүхнүүд минь

 

*           *            *

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aarii(104.174.173.166) 2020 оны 03 сарын 29

Saihan aav eejiin urgejlel saihan busgui dee az jargal husye , eej ni saihan emegtei bsan yum daa

0  |  0
зочин(202.179.31.83) 2020 оны 03 сарын 09

амжилт хүсье

0  |  0
Зочин(202.126.89.170) 2024 оны 01 сарын 22

энэ нэг балай яруу найрагч авгай нарт хатны хувцас өмсдөг гэж хэн хэлж өгвөө тэгээд тэнэг тэнэг юм бичээл балайгаа харуулаал \n

0  |  2
Зуузуу(192.82.67.180) 2020 оны 03 сарын 08

Найздаа хайртай шүү. Сайхан ярилцлага болжээ. Үргэлж хайрлаж бахархдаг шүү

0  |  0
ania(202.179.27.41) 2020 оны 03 сарын 08

Амьтай бүхэн аавтай ч ээждээ л илүү эрхэлдэг хорвоо шүү дээ

1  |  0
Top