"Гараад ир гэж дуудвал чинь..."

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

Монголынхоо хацар гоо бүсгүйчүүддээ Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Бүсгүй хүн гэдэг орчлонгийн гэрэл гэгээ, өнгө будаг, баяр жаргал, уйтгар гуниг, хайр дурлалын утга учир болон оршдог билээ. Хүмүүний тэр тусам бүсгүй хүний дотоод сэтгэлийн нууцхан гал, нууцхан хүсэл, нууцхан гуниг, нууцхан сэтгэлийг яруу найргаар илэрхийлнэ гэдэг дахин давтагдашгүй, басхүү зүрх рүү  яргасан тийм нэгэн торгон мэдрэмжийг төрүүлдэг дээ. "Өглөөний сонин"-ы сэтгүүлч, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч А.Сүглэгмаагийн "Бүрхэг өдрүүдийн блюз" номоос нэгэн шүлгээр та бүхнийхээ баярын энэ өдөрт өнгө нэмье. Магадгүй хэн нэгэн танхил бүсгүй хаа нэгтээ хайртай хүнээ хүлээн, харуулдавч хүлээсэн хэр нь хүлээгээгүй юм шиг хөнгөн цэнхэр гунигаа алчууртаа далдланхан суугаа юм биш биз. 

 

 

Гараад ир гэвэл чинь гараад л гүймээр
Ганган даашинзаараа чамдаа л гоёмоор
Санасан уу гэвэл  чинь санаагүй юм шиг
Санаашрах сэтгэлээ зүрхэндээ  хадгалмаар

Хүрээд ир гэвэл чинь хүрээд л очмоор
Хүүхэн хонгор аалиа  чамдаа л дэлгэмээр
Хүлээв үү гэвэл чинь хүлээгээгүй юм шиг
Хөнгөн гунигаа алчууртаа л далдалмаар

Уулзъя гэвэл чинь ургаад л цэцэглэмээр
Уруулын будгаа чамаараа л арчуулмаар
Уйлсан уу гэж асуувал чинь уйлаагүй юм шиг
Уйтайхан харцаа инээмсэглэлдээ халхалмаар

 

*              *              *

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top