SOS: Ослын улмаас таван хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд гуравдугаар сарын 7,8-нд нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байсан бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
 

  • Гуравдугаар сарын 7-ны өдрийн 15:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд “Dayun” маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60настай.эрэгтэй/-н амь нас хохирсон хэрэг,
     
  • Гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар асфальтан замд “Toyota LandCruiser-200” маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч Ө /46настай.эмэгтэй/-н амь нас хохирч, 53 настай.эрэгтэй А, 70 настай эмэгтэй Ц, 47настай.эмэгтэй Н, найман настай эмэгтэй С, жолооч 44настай эрэгтэй С нарын  таван хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71,4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгдсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top