Монголын Улсын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, "Улаанбаатар сити" клубын ахлагч Н.Цэдэнбал 2020.02.06-нд өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдэл хийж, "Улаанбаатар сити" клубын эзэн Г.Дашням "Байраа өгөөд яв" гэж дарамталсан талаар олон нийтэд дэлгэж байв. Тэгвэл өнөөдөр /2020.03.10/ тэрбээр дахин мэдэгдэл хийж, дараах тайлбарыг олон нийтийн сүлжээнд нийтэллээ.
"Улаанбаатар сити" клубыг “Магнай трейд” ХХК-ийн Дэд захирал Г.Дашням удирддаг юм.
Түүний мэдэгдлийг хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Миний бие "УБ сити" клубтэй 2017 онд 1 өрөө байрыг 5 жил буюу 60 сарын хугацаатай цалин болгож гэрээ байгуулан, өдийг хүртэл 29 сар бүх зүрх сэтгэлээ зориулж, Монголд авч болох бүхийл шагналыг багийн дүү нар хамтрагчтайгаа маш их хичээсний үр дүнд авсан. Гэвч багийн эзэн Ганзоригын Дашням нь энэ бүх хүч хөдөлмөрийг маань үгүйсгэж, ямарч шалтгаангүй гэрээний зүйл заалт зөрчөөгүй байхад удаа дараалан "Багаас гар" гэж дарамталсаны эцэст миний бие өөрийн цалин болох 1 өрөө байрыг өөрийн хүсэлтээр буцаан өгч, "Улаанбаатар сити" клубээс албан ёсоор гарлаа"
29 сарын цалингаар миний бие хохирлоо. Иймээс дараа дараагийн тамирчид "УБ сити" клубтэй гэрээ хийхдээ маш болгоомжтой хандана уу?
Жич: Багаас гарах хүсэлтийг маань хүчээр тамирчны хүсэлтээр гэж бичүүлэхээс гадна байртай холбоотой ямар ч нөхөн төлбөр авахгүй гэж Клубын зүгээс бичүүлж, шүүхдэх боломжгүй болголоо.
Цаашид хохирлоо барагдуулхын тулд FIFA, AFC-д хандах болно.
Н.Цэдэнбалын өмнө хийсэн мэдэгдэл. 2020.02.06
Миний бие дараах мэдээллийг хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, хөлбөмбөгийн клубууд болон Хөлбөмбөгийн холбоонд хүргэж байна. Миний бие 2017 оны аравдугаар сараас "Улаанбаатар сити" клуб, эзэн Г.Дашнямтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цалиндаа нэг өрөө байр болон бусад урамшуулал авахаар гэрээ байгуулсан. Гэвч надад өгсөн байрны өмчлөгч нь гуравдагч этгээдийн байр болж таарлаа. Миний бие гэрээний ямар ч зүйл, заалт зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас хална, гэрээг чинь цуцална, байраа өгөөд яв, гэх мэтээр дарамталж байна.
Миний бие цалин, хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл "Улаанбаатар сити" клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна.
Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямар ч хөлс, цалингүй тоглуулж, санасандаа хүрч "Лигийн аварга" авахуулсны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь гэрээ цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймээс Би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагчийн хувьд, Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж, цаашид “Улаанбаатар сити” клуб болон бусад клубүүдтэй тоглогчийн гэрээ байгуулах гэж буй тоглогч, дүү нартаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байна.
Үүнд,
1. Худал амлалтад итгэж, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдахгүй байхад анхаар!
2. Гэрээнд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан заалт байгаа эсэхийг сайтар судла!
3. Клубээс санал болгосон гэрээнүүд нь хэт клубын эрх ашигт нийцсэн, хуурамч амлалт бүхий нөхцөл тусгагдсан байх магадлалтай тул мэргэжлийн хуульчдаас тусламж авч, хуульчтай хамт гэрээгээ байгуулах!
Мөн Монголын Хөлбөмбөгийн холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүүлийн үед клубуудын гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан их гарах болсонд анхаарал хандуулах цаг нь болсон.
Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал
Хэсэг хугацааны дараа "Улаанбаатар сити" клубын Гүйцэтгэх захирал Р.Золбаяр дараах мэдэгдлийг мөн сошиал хуудаснаа байршуулж байв.
"Улаанбаатар сити" клубын тоглогч, хүндэт дэмжигчдэдээ дараах мэдэгдэлийг албан ёсоор хүргэж байна.
Манай клуб нь 2015 оноос хойш Монголын хөлбөмбөгт шинэ баг, шинэ зорилго өвөртлөн орж ирсэн өдрөөс хойш 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэ хугацаанд Монголын хөлбөмбөгийн хөгжлийг олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө олон олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тэдгээрээс дурдвал, Монголд тоглож байгаа хөл бөмбөгийн тамирчдийн цалингийн тогтолцоог шинэчлэн цалин болон урамшууллын системийг бий болгосон. Бид улирал болон тоглолт бүрд шилдэг тоглогчоо шалгаруулж урамшуулах тогтолцоог бий болгосон. Мөн Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө Олон улсын Стандартад нийцсэн гадаа талбай болон дотор талбайг өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан. Энэ мэт олон ажлуудыг цаашид хийхээр төлөвлөсөн байгаа.
Дээр дурдсаны дагуу бид манай багийн ахлагч Н.Цэдэнбалтай 5 жилийн хугацаатай мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд цалин болон урамшууллыг олгож бүрэн гэрээний үүргээ хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.
Тус гэрээнд зааснаар тамирчин одоо тэрхүү байранд амьдарч байгаа бөгөөд 5 жилийн хугацаанд клубт тоглож, гэрээний үүргээ биелүүлсний үндсэн дээр нэр дээр шилжүүлэхээр заагдсан байгаа.
Клуб болон тамирчдийн хооронд гарсан үл ойлголцол нь гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэдгийг мэдэгдэж байна. Мөн "Улаанбаатар Сити" клуб гэрээний дагуу үүргээ биелүүлэн ажиллаж байгааг давхар хэлмээр байна.
Азийн аваргуудын Лигийн AFC CUP 2020 хаяанд ирсэн энэ өдрүүдэд энэ үүссэн үл ойлголцол нааштай байдлаар шийдэгдэнэ гэдэгт клубын удирдлагын зүгээс итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: "Улаанбаатар Сити" клубын Гүйцэтгэх захирал Р.Золбаяр