Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.03.11/ бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
Коронавирусний тархалтын улмаас дэлхийн Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсээд буй ийм үед Монгол Улсын Төв банк ч Мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёрдугаар сарын 28-нд мэдэгдэж байсан.
Тэгвэл ийнхүү мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр албан ёсоор гарлаа. Мөнгөний бодлогын хорооны мэдэгдлээс эшлэе.
Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна.
Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.
Ковид-19 вирусний тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна.
Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусний тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна гэжээ.
Дашрамд тодотгоход, Бодлогын хүү 1 нэгж хувиар буурах нь банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалж зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж эдийн засагчид тайлбарладаг.
Зээлийн хүүтэй холбоотой асуудлаар яг одоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ