Токио-2020: Б.Чинзориг боксчдын анхны эрхийг авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Ази-Далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээн энэ сарын 03-11-ний өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд 35 орны 221 тамирчин (эрэгтэй 151, эмэгтэй 70 тамирчин) 13 жинд (эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жин) "Токио-2020" Олимпийн 63 эрхийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөв.

Монголын баг нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсоноос Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг 63 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын боксчдоос “Токио-2020” олимпын эрхээ хүртсэн анхны тамирчин боллоо.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 буюу шинэ төрлийн коронавирусний халдварыг Pandemic буюу дэлхийг хамарсан ЦАР ТАХАЛ гэж зарласан билээ. "Токио-2020" олимп болох уу гэсэн эргэлзээ төрж байгаа ч ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнөөдөр энэ талаар “Өнөөдөр олимпын бамбар асаах ёслол болж байна. Бид төлөвлөгөө ёсоор олимпын наадмаа зохион байгуулах болно” гэж мэдэгдээд байна.

Photo: boxing.athlete365.org

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top