Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд салбарынхаа хамгийн өндөр настай ахмад буурлууддаа гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.
Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө залуу идэр насаа харамгүй зориулж явсан эдгээр гурван буурлын хамгийн өндөр настай нь МУ-ын УГЗ Данзангийн Дугарсүрэн гуай өдгөө 95 настай. Тэрээр Цэргийн дуу бүжгийн чуулгаар овоглож холимог найрал хөгжмийн үндсийг тавьсан агаад цэргийн бэлтгэл хошууч цолтой. УГЗ Д.Дугарсүрэнгийн гуай “1921 оны Ардын хувьсгал” симфони удиртгал, “Монголын үзэсгэлэнт саран гоо” симфони, “Цэргүүд дуулж байна”, “Цэргийг хүлээ” зэрэг олон арван алдарт бүтээлийн эзэн юм. Түүнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн медаль гардуулан баяр хүргэсэн юм.
Батлан хамгаалахын сайдын хүндэтгэл үзүүлсэн буурлуудын нэг бол Ардын жүжигчин, УГЗ , хөгжмийн зохиолч, Пүрэвжавын Хаянхярваа. Цэргийн хөгжмийг мэргэжлийн түвшинд хүргэж, найрал дууны ангийг эрэгтэй найрал дуучдын анги болгон өөрчлөн шинэчилж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг мэргэжлийн уран бүтээлийн байгууллага болгоход ихээхэн хүч зүтгэл гаргасан мэргэжилтэн юм. Түүний зохиосон “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”, “Хонгор нутаг” зэрэг олон уран бүтээлүүд нь түгсэн төдийгүй, Дэлхийн 100 гаруй улсын төрийн дууллыг үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд удирдан тоглуулсан удирдаач билээ.
Н.Энхболд сайдын чөлөөнд буй хошууч генерал Г.Дугарсүрэн гуайнд очлоо. Бага идэр наснаасаа л Монголын ардын армитай ажил, амьдралаа холбож, цэргийн улс төрийн газар хэлтэст олон жил удирдах алба хашиж, амьдралынхаа 67 жилийг Батлан хамгаалах салбартаа үдсэн хүн бол 90 нас хүрч буй бэлтгэл хошууч генерал Гэмбэлийн Дугарсүрэн гуай юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хорона вирус тарааж яваа юу??