Бокс, чөлөөтийн шигшээ багийн тамирчид "Багабаян"-д тусгаарлагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Олимпийн эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдрөөс /2020.03.18/ тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ.

Тамирчид болон шигшээ багийн дасгалжуулагчид "Багабаян" амралтад тусгаарлагдсан байна. 

Боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпийн эрх олгох тэмцээндээ оролцоод, Туркийн Истанбулд тав хоносноор урд шөнө төр засгийнхаа тушаал шийдвэрээр МИАТ-ынхаа онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдаад байна. Монголчууд хүний эрүүл мэндээ чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаагаар гадаадын олон улсуудад үлгэр жишээ болж байна. Бид эрүүл байж, урт насалж удаан жаргах ёстой биз ээ" гэжээ.
 

Харин нэг сарын өмнө АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсан чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн өмнө Монгол руу буцах байсан ч нислэгүүд хаагдсан учир хоёр ч удаа чиглэлээ өөрчлөн, шинэ онгоцны тийз авч, Туркийн Станбул хотоор дамжин, мөн өчигдөр Монголд иржээ. Тэд ирсэн даруйдаа журмын дагуу тусгаарлах байранд байрлаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top