"Зиндаа" сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
“Өв соёл” булангийн энэ дугаартаа Уянга, Бөртэ, Алтай хамтлагуудыг үүсгэн байгуулагч, хөгжмийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэвийг урин ярилцлаа.
-Монгол язгуур урлагийн жинхэнэ мөн чанарыг өөрийн уран бүтээлээрээ гайхалтай илэрхийлж чаддаг уран бүтээлчид бол “Алтай” хамтлаг. Анх хамтлаг үүссэн түүхээс уншигчдад сонирхуулна уу?
-Миний хувьд, хамтлаг удирдан зохион байгуулах, олон улсын зах зээл дээр ажиллах зэрэгт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан. Анхны маань гараа “Морин Эрдэнэ” Чуулга, удаах нь анд нөхдөөрөө хамтдаа байгуулсан “Эгшиглэн” хамтлаг, зууны манлай уртын дууч Н.Норовбанзад эгчийнхээ нөмөр нөөлөг доор Хосоо, Мөөгий, Болдоо нартайгаа “Уянга” хамтлагийг байгуулж, тус хамтлагаа “Бөртэ” хэмээн нэрлэж, цаг хугацааны шаардлагаар“Алтай” хамтлагийг үүсгэн байгуулж, соёлын судалгаагаа хамсруулан Монгол Угсаатны Хөгжмийн Товчооныхоо доор бүгдийг удирдан чиглүүлж явна.
-“Алтай” хамтлагийн уран бүтээлийн замнал Алтай ятгатай салшгүй холбоотой байх даа?
-2008 оны зургадугаар сард Ховд аймгийн Манхан сумандахь Жаргалант хайрхан уулны Өмнөхийн амнаас эртний нэгэн хөгжмийн зэмсэг олдсон, түүний жимээр судалгаа хийж учир шалтгааныг мэдэх шаардлага байсан. Германы эрдэмтэн судлаачдын үзсэнээр энэхүү эртний зэмсэг 6-8 дугаар зуун буюу 1400 жилийн өмнөх үед хамаарна.
Энэ хөгжмийг дахин сэргээн хөгжүүлж гаргахад дуу хуур, хөгжмийн лаборатори орчин заавал хэрэгтэй. Судалгааны хөгжмийн зэмсгийг олдсон газрын олонд танигдсан нэрээр нь нэрлэсэн тул лаборатори хамтлагаа бас “Алтай” хэмээн нэрлэсэн юм.
-Хамтлагийн өмнөө дэвшүүлсэн гол зорилго юу болох, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-“Алтай” хамтлагийн гол зорилго ерөнхийдөө маш тодорхой. Орчин үеийн хөгжмийн ухаан, зохиомж найруулгаар дамжуулан судалгааны хүрээнд гарч ирсэн альманахын хаа нэгтээ бөхөж мөхсөн дуу хуурын соёлыг сэргээх, туурвих, өвлөж тээгдсэн өв соёлоо өнөө цагийн Монголчууддаа зориулж онц сонирхолтойгоор зохиомжлон олон нийтэд сурталчлах, олон улсад танилцуулах.
-Зорилгодоо хүрэх зам саад бэрхшээлтэй байх нь мэдээж. Төр засаг, салбарын зүгээс та бүхний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юу?
-Төсөл нэрийн доор дэмжлэг үзүүлэх олон гарцууд төрийн хэмжээнд нээлттэй хэрнээ хулганад хаяж өгсөн бяслаг шиг хүртэх нөхцөл нь голдуу танил тал, зузаан харилцаа, улсын байгууллага, эсвэл хувь продакшн студи дамнасан бүлэглэлийн шинжтэй тул нийт чөлөөт уран бүтээлч нарт Монгол Улс хаалттай нийгэм гэж хэлж болно.Төрийн өмнөөс гэж хэлэхгүй ч эх орныхоо төлөө цаг хугацааг умартан өдөр шөнөгүй үнэт бүтээлийг туурвих, түүндээ санхүүжилт олох завгүй олон сайхан уран бүтээлчид бий. Тэд бүтээж туурвих зөв сэдэл санааны дунд төсөлтэй зууралдах цаг зав байдаггүй юм. Эсрэгээрээсанааг хуулагч нь муу арга залиар төсөл нэрийн доор багагүй санхүүжилт аваад хэдхэн хувиар нь ажлаа гүйцэтгэх боломж энэ нийгэмд нээлттэй. Ийм нөхцөл дунд миний хийж бүтээх цаг хугацаа төрийн дэмжлэггүйгээр уран бүтээлчийн халааснаасаа бүгдийг зохицуулж зүтгэж байна. Урам хугарах асуудал маш их бий. Тийм учраас энэ цагийн бодлогод итгэснээс эрхий хуруундаа итгээд явах нь дээр ч юм шиг. Соёл, урлагийн тухай үндэсний цогц хөгжлийн бодлого нь маш цомхон. Түүнийг нь жалганаасаа гараагүй төрийн удирдлагууд ирээдүйн Монгол Улсын аюулгүй байдлын төлөө биш төсөл нэрийн доор умартаж удаан хугацаанд унтах вий гэж болгоомжилж байна.
Улс орон уран бүтээлчдийн үнэт бүтээлүүдийг дэмжээгүйгээс өмнөд Монголд очиж шилдэг бүтээлүүдээ өгөх, тэнд олноор ажиллах шалтгаан болж байна. Энэ үйлдэл нь Өвөр Монголын эдийн засгаар өгөөш тавьж, Ар Монголын бүхий л оюуны үнэт өвүүдийг хөрвүүлэн авах Хятадын бодлогын далд алтан аргамж гэдгийг Монгол төр ойлгоогүй байхад би яаж эртний өв соёлын бодит үнэ цэнийн талаар энэ төртэй ярилцаж ойлголцох билээ.
-Хамтлагийн уран бүтээлчдийн бусдаас ялгарах гол онцлог юу вэ? Үе удам дамжсан уран бүтээлчид их бий юу?
-“Алтай” хамтлаг 4-12 үеийн соёлын биет бус өв тээгчид. 12 үеийнх нь ерөнхий ургийн бичиг бол байгаа юм.
-Хамтлагийн уран бүтээл хэрхэн бүтдэг вэ. Агуу их өв соёлоо мэргэжлийн түвшинд олон нийтэд хүргэхийн тулд ихээхэн ур ухаан, авъяас чадвар шаарддаг байх даа?
-“Алтай” хамтлагийн урын сангийн 95 хувь нь миний бүтээлүүд. Эдгээр бүтээлүүд нь ардын дуу болон язгуур өв соёлын судалгаатай салшгүй холбоотой. Мөн тус хамтлагийн тоглох төрөл зүйл, онцлогт нь тохируулж зохиосон тул илүү нийцэлтэй өвөрмөц сонин бүтээлүүд бий. Жишээлбэл, МЭӨ 121 онд зохиогдсон “Хүннүгийн гунигийн дуу”, 40,000 жилийн түүхтэй хадны шастираас урган гарсан “Тойрон бүжгийн дуу”, Өвгөдийн захиас, Золгоё доо, цацсан шагай мэт тарсан нүүдэлчдийн “Цацсан шагай” хэмээх гансралын дуу, мөн 1400 жилийн өмнөх эртний нүүдэлчдийн “Алтай ятга” зэмсэгт зориулсан олон бүтээлүүд бий. Их хугацаа шаардаж, шастир судраас урган төлжсөн уран бүтээлүүд байгаа.
-“Алтай ятга”-ын бусад ятгаас ялгарах өвөрмөц онцлог, түүний хөгжлийн талаар?
-Алтай ятга бол Монголчуудын соёлын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан цорын ганц үнэт зүйл. Нүүдэлчид нуман ятгаар тоглодог байсны тод нотолгоо. Бодит баримт дээр тулгуурласан үүх түүхтэй хөгжмийн зэмсэг. Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй түүхэн олдвор, түүхэн судалгаа, сэргээн засварлалт, хөгжүүлэлт. Ижил төстэй хөгжмийн зэмсэг Монголын үндэсний хөгжмийн ай савд байхгүй. Учир нь бидний ой санамж, удмын хэлхээс таван зуунаар тасарч дорнын соёлд уусах хэмжээнд явж байгаа энэ үед Алтай ятга төрдөө адлуулж, энэ нийгмийн буруу өвгөжсөн мэдлэг доор гишгүүлэх тохиолдол багагүй бий. Үндэсний төрийн их найрал хөгжимдөө хятад хуучир, шанз, ёочин, ятгаа залсан. Түүнийгээ хятадаас худалдаж аваад монгол үндэсний хөгжим гэж тайлбарладаг энэ цаг үед зарим нэг судлаачид Алтай ятгын эсрэг байр суурьтай байгаа нь амьдралын эрхээр үрээсээ холдоод олон жилийн дараа танихгүй байгаа мэт тийм зураглал тод харагддаг.
-“Алтай ятга”-ыг төрийн зүгээс албажуулсан уу?
-Төр Алтай ятгаар өнгөө засах тохиолдол байгаа. Тэр нь судлаачийг үнэгүйдүүлж нэрийг нь үл дурдах, судалсан бүтээлээр нь өөрсдийгөө чимж хүндэт зочдоо гялайлгах тохиолдол байсан. Уул нь төр албажуулж, хөрөнгөө гарган бодлогоор дэмжиж 1400 жилийн өв соёлоо хөгжүүлэх аваас Монгол хүний чанадын чанад дахь эсүүдийг сэрээхэд чухал үүрэг гүйцэтгэх юм даа. Алтай ятгын эгшиг цаанаа л шидтэй, амьд хүчтэй байдаг юм.
-Энд тавиастай байгаа “Алтай ятга”-ыг хэнээр урлуулсан бэ?
-Миний судалгааны зургийн дагуу “Эгшиглэн магнай” үндэсний хөгжмийн үйлдвэрийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгалжав ах Алтай ятгыг анхлан урласан.
-Өөрөө соёл судлалын нэлээн олон бүтээлүүд дээр ажилласан юм байна. “Хүннүгийн гунигийн дуу” эдгээр дотор орж байгаа юу?
-Ерөнхийдөө дөрвөн бүтээл гаргасан. (2013 онд "Алтай ятга" / МЭ VII - VIII зуун, 2014 онд "Аху их ятга" /Хүннү гүрэн/, 2015 онд "Тойрон бүжиг" /40,000 жилийн өмнө/, 2017 онд Хүннүгийн гунигийн дуу /МЭӨ 121 он/. МЭӨ 121 онд зохиогдсон “Хүннүгийн гунигийн дуу” Хятадын түүхийн шастирт эх сурвалжтай байсныг Сүхбаатар доктор агсан 1963 онд хөрвүүлж, монгол хэлнээ, энэ цагийн бидэнд ойлгогдохоор бичиж үлдээсэн байдаг.
-“Алтай” хамтлагийн уран бүтээлчид маш сайн хөрвөх чадвартай мэт санагддаг. Бүтэц бүрэлдэхүүний онцлогоос шалтгаалан ийм чадвар шаардагддаг уу?
-Ер нь этник хамтлагийн гишүүд цөөхүүлээ хэрнээ хүн тус бүр 2-3 давхар үүрэг оролцоотой байх шаардлагатай байдаг. Цөөхүүлээ учраас уран бүтээлчээс их өндөр ур чадвар шаарддаг.
-Манай язгуур урлагийн хамтлагууд Монголоосоо илүү гадны орнуудад аялан тоглолтоо хийдэг. Танай хамтлаг ч мөн хилийн чанадад нэлээн явдаг байх. Энэ жил хаагуур тоглолт хийсэн бэ?
-Өнгөрөгч зургаадугаар сард Герман улсад 30 хоногийн аялан тоглолт хийгээд ирлээ. Германы нэрт эрдэмтэн Ханс Вернер Синний хувийн урилгаар түүний 70 насны ойд очиж Германы нэр суу ихтэй эрдэмтэд, судлаач, улс төрийн хүрээлэлд “Алтай” хамтлаг тоглолтоо толилуулаад ирсэн. Энэ эрдэмтний 70 нас бол Германы эдийн засгийн хөгжлийн 70 жилтэй салшгүй холбоотой юм байна. Ханс Вернер Синн бол дэлхийг өөрчилсөн 10 эрдэмтний нэг. Тэр аугаа хүмүүний хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг би тодорхойлох эрхгүй ч сэтгэл минь хөдөлж, тоглож байсан “Алтай ятга”- аа түүний төрсөн өдөрт зориулаад бэлэглэсэн.
-Гадаадаар явж байхад сэтгэлд хоногшсон онцолмоор үйл явдал их тохиолддог биз?
-Тайванийн Засгийн газрын урилгаар 2017 онд уригдаж тоглосон.“Алтай” хамтлагийг Тайванийн парламентын зургаан сайд гэр бүлийн хамт, мөн Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн төлөөллүүд хүндэтгэл үзүүлж оройн зоог барьсан. Урлаг соёлоо өндөрт тавьж, бүтээгч, тоглооч нарыг үнэлж чаддаг улсын парламентын гишүүд нь хүртэл цаанаа тогтуун зөөлөн, дотно, хүндлэлтэй.
-Алтай ятгыг сургалтын хөтөлбөрт оруулах боломжтой биз?
-Бүрэн боломжтой. зургаан настай хүүхдэд би “Маамуу нааш ир” болон янз бүрийн хүүхдийн дууг гурван минутад заагаад сургачихаж чадна. Насанд хүрэгчдэд гэхэд л, таван минутын дотор зааж сургаад “Алтайн магтаал” хайлах бүрэн боломжтой болно. Энэ бол маш амархан хөгжмийн зэмсэг.
-Дугуйлан хичээллэж байгаа юу?
-Хөгжмийн боловсрол бүрэн эзэмшээгүй, эсвэл нотны мэдлэггүй хүүхэд залуучуудад Алтай ятгын чавхдасны дугаараар дамжуулаад хэрхэн хурдан тоглож сурах аргачлалыг судлаад бичиж байна. Одоогоор хүүхдийн 20 орчим дуу байгаа. 5-6 настай хүүхдүүд дороо л сурах боломжтой. Манайд зургаагаас доош насны хүүхдүүд тоглочихоор хөгжмийн зэмсэг их ховор шүү дээ. Хүүхдийг багаас нь эртний өв соёлоор нь хөгжүүлье гэж ярьдаг хэрнээ тэрхүү өв соёл нь бараг байхгүй байна.
Тэгэхээр 1400 жилийн түүхтэй Алтай ятгаар хүүхэд залуучууд маань удахгүй тоглож эхэлнээ. Сургалтын асуудал бас л мөнгө санхүүтэй холбоотой. Тэр нь надад байхгүй, надад туслах үндэсний ивээн тэтгэгч аж ахуйн нэгжүүд нь ойр зуурын үйл ажиллагааны хэрэглээ, зугаацуулах урлагт мөнгөө өгөөд маниусаа төдийлөн тоохгүй байгаа. Гэхдээ аргаа олж болох байх.
-Энэ талаар хүүхдийн байгууллагуудтай очиж уулзаж үзэв үү?
-Би явж үзсэн. “Багш” ордон дээр, мөн дүүргүүдийн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд дээр очоод, ятгаа үзүүлээд ярилцсан. Монголчууд маань нэг үеэ бодвол урлаг соёлоо ойлгодог, дэмждэг, олж хардаг болсон байна.
-Ер нь монголчуудын язгуур урлагт чиглэсэн хандлага, ойлголтод өөрчлөлт орж байна уу?
-Их өөрчлөгдөж байгаа. Хүмүүс нэлээд сонирхдог болсон. Харин улсын бодлого, урлаг соёлд зарцуулах санхүүжилт, сургалтын асуудлын талаар дэмжээд өгвөл монголчууд маань маш авьяаслаг ард түмэн шүү дээ. Одоогийн байдлаар, өөрсдийн бор зүрхээрээ л яваад байгаа болохоос биш, төр засгийн бодлогоор хөгжөөд байгаа юм биш. Улсын бодлогоо зөв гаргаад дэмжээд өгвөл ард иргэдийн хувьд суурь хөрс нь аль хэдийн бэлэн болчихоод байна.
-Үндэсний өв соёлоо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй танд болон “Алтай” хамтлагийн нийт гишүүдэд уран бүтээлийн өндөр амжилт хүсэе
Сэтгэгдэл ( 2 )
Gaihaltai sonirholtoi yariltslaga boljee. Amjilt husie
ГАЙХАЛТАЙ