Шинэ төрлийн короновирус /КОВИД-19/-тэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомс;л үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна. Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.
Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Мөн короновирус /КОВИД-19/-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарах боллоо.
Иргэдээс төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээлэл, пост, постерын үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргах, ойр дотнын найз нөхдөдөө зөвлөгөө, мэдээлэл өгөх байдлаар бусдад залилуулж байна.
Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус /КОВИД-19/-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирсэнийг мөрдөн шалгаж байна.
Тухайлбал: БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.
“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компани руу 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.
Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.
Үүнд:
БҮҮ САНДАР, БҮҮ ХУУРТ, БҮҮ ӨГ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )