Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан.
Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан ирэх дөрөвдүгээр сарын 3-нд нэн яаралтай дэгээр УИХ-д өргөн барихаар болжээ. Сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбарын өсөлт, хөгжил Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежменттэй яах аргагүй холбоотой.
Монгол Улсын зэс, алтны болон коксжих нүүрсний хамгийн том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан түүх “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр бичигддэг. Оюутолгой болон Тавантолгой төслийг тус компани эхлүүлсэн. 2008 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, улмаар 2010 онд тус ордын Зүүн цанхийн талбайд анхны хөрс хуулалт хийж, төслийг эхлүүлж байв. Үүний хажуугаар дэлхийн хэмжээний уурхай болох “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын хувь буюу 34 хувийг эзэмшиж, “Эрдэнэс Оюутолгой” компанийг байгуулан ажиллаж байгаа. Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулж, анхны зэсийн баяжмалыг экспортод гаргасан бол 2015 оноос дэлхийд дээгүүрт бичигдэх далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны барилга угсралт бүрэн дууссан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн амжилттай хэрэгжүүлж буй бас нэг төсөл нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод метан хийн эрэл хийж, метанаа эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ ажлыг “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Метан” Австралийн “Жэйд Метан” компанитай хамтран хэрэгжүүлж буй. Тэд ажлын үр дүнгээ үзэхэд нэг алхам ойртон ирсэн гэнэ лээ. Учир нь тэд одоо метан хийн хайгуулын ажлаа эхлүүлж, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ авахаар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.
“Эрдэнэс Монгол” ХХК цаашид хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэгч холдинг компани болохоор зорьж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийг байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болсон. Үүнээс гадна “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-иуд 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж, нүүрсний томоохон төслүүдийг гардан гүйцэтгэж байгаа юм. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 15 компани байгаа бөгөөд төрийн санхүүжилтээр хайгуул хийж тогтоосон ордуудаа энэ нэгдлийн бүрэлдэхүүнд нэмээд явах юм. Тиймээс Монголд нийгмийн чиг баримжаатай буюу газрын баялгаасаа нийт иргэд ижил тэгш хувь хүртэх боломжийг бүрдүүлж, эрхийг баталгаажуулахаар ажиллаж байгаа ганц компани бол “Эрдэнэс Монгол”.
УИХ-аас шинээр хууль батлах замаар тус сангийн үйл ажиллагааг хуульчлан зохицуулж, Засгийн газрын тусгай зориулалтын сан хэлбэрээр байгуулах боломжтой. Хууль баталснаар одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчлэх, түүний Ирээдүйн өв сантай холбоотой харилцааг шинээр зохицуулах боломж нээгдэх юм. Улмаар стратегийн зарим ордын төрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компаниудын үнэт цаасыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, хөрөнгө босгох замаар стратегийн ордуудын бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Үндэсний баатар чин улсын баатар