Португалийн нийслэл Лиссабон хотноо болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд цор ганцаар очиж зодоглосон 57 кг-ын жингийн тамирчин Т.Баттөгс шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Манай туршлагатай тамирчны нэг Т.Баттөгс нь 2008, 2009 оны Азийн АШТ болон "Гуанжоу-2010" Азийн наадмын хүрэл медальтай юм. Тэр сая зодоглосон тэмцээндээ эхний тойрогт хийлж, дараа нь Германы Мирьям Ропер, Бразилийн Жулиан Ариеча нарыг хожсон хэдий ч хагас шигшээд "Бээжин-2008" олимпийн аварга Италийн бөх Жулия Квинтавальед хоёр торгуулиар хожигдоод хүрэл медалийн төлөө барилдаад эзэн орны бөх ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Тельма Монтейруд гурван торгуулиар ялагдаж медаль авч чадсангүй. Медалийн төлөө дэвжээнд гарсан болохоор медалийн оосроос атгаад алдсан гэсэн үг л дээ. Манай бөхийн жинд 22 жүдоч өрсөлдсөнөөс олимпийн аварга Жулия Квинтавале аварга болов. Т.Баттөгс уг тэмцээнээс чансааны 20 оноо авч дэлхийн жүдо бөхийн холбооноос саяхан гаргасан чансаагаа нэг байр урагшлуулж 27-д бичигдэх болзол хангажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )