Хориход амиа алдсан Л.Бямбаа агсны хэргээр Г.Сүхболд нарыг шүүх хурал МАРГААШ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг.

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.

Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Г.Сүхболд нарын хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш /2020.03.30/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралдааныг 09:00 цагт товлосон бөгөөд хаалттай үргэлжлэх юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.221) 2020 оны 03 сарын 29

Хүний шунал бусдад гай учруулдаг зүйл гэдгийг анхаарах ёстой.

0  |  0
Зочин (202.55.188.81) 2020 оны 03 сарын 29

Албан үүргээ гүйцэтгэж байсан улс хайран байна даа. Ажлын хариуцлага чухал болсон гэдгийг л харуулж байна даа

1  |  0
Top