Чөлөөт бөхийн ирээдүй өнгөтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд манайхан хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харууллаа. Уг тэмцээнд шар тивийн БНСУ, БНХАУ, Иордан, Ирак, Иран, Казахстан, Таджикстан, Узбекистан, Тайланд зэрэг 17 орны баг, тамирчид оролцсон юм. Монголын багийн хувьд эрэгтэй зургаа, эмэгтэй найман бөхийн бүрэлдэхүүнтэй очсон байна. Тэмцээний эхний хоёр өдөрт болсон эмэгтэйчүүдийн барилдаанд оролцсон Монголын бөхчүүд найман жингийн зургаад нь медалийн тавцанд зогсож чадсанаар Монголын чөлөөт бөхийн ирээдүй өнгөтэй байгааг харуулав. Тодруулбал, 51 кг-д Э.Даваачимэг /БТСДуС/, 59 кг-д өсвөрийн олимпийн аварга Б.Батцэцэг /Налайх/, 67 кг-д О.Оюунтуяа /Аварга/, 72 кг-д Э.Дорждулам /Багахангай/ нар мөнгө, 48 кг-д Ц.Цэнджав /Налайх/, 55 кг-д Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/ нар хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр эмэгтэйчүүд багийн амжилтаар гуравдугаар байр эзэлжээ.Харин эрэгтэйчүүдээс 50кг-д Б.Майдар /Олимп/, 73 кг-д Б.Номиндалай /УБТДС/ нар хүрэл медаль зүүжээ. 2010 онд БНХАУ-ын Хуашинь хотод болсон тивийн аваргын тэмцээнд манай залуу бөхчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай ирж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж чадлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top