Олимпийн эрх олгох сүүлийн хугацааг 2021.06.29-нөөр тасалбар болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

“Токио 2020” Олимпийн наадамд оролцох тамирчдад эрх олгож дуусах сүүлийн хугацааг Олон улсын спорт холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгохоор ОУОХ-ны ажлын хэсэг зөвшөөрсөн байна.

Иймд Олон улсын спорт холбоо тус бүр дээрх хугацаанаас өмнө тухайн спортын төрөлд хэрхэн эрх олгох, эрх олгох тэмцээн уралдааныг зохион байгуулах газар, хугацаа, олимпийн эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлын талаарх журмыг шинэчлэн аль болох ойрын хугацаанд ОУОХ-гоор батлуулахаар болжээ.

Гэвч “Covid 2019” цар тахлын тархалт болон үр нөлөөнөөс шалтгаалан эрх олгох тэмцээн уралдаан зохион байгуулагдах улс орон, цаг хугацааг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй байгаа тул Олон улсын спорт холбоодын баримтлах журам, үйл ажиллагаа болон тавигдах шаардлага зэрэг асуудлыг 4 дүгээр сарын дунд гэхэд тодорхой болгох зорилго тавин ажиллаж байна.

“Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдын эрх хэвээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Олон улсын спорт холбоод нь тамирчдад тавигдах насны хязгаарыг өөрчлөх боломжтой аж.

Олон улсын спорт холбоодын чансааны жагсаалтаар /ranking/ эрх олгодог спортын хувьд: хэдийгээр хуучин журмын дагуу эрхээ авах магадлал өндөртэй байсан тамирчдын хувьд харамсалтай боловч “Токио-2020” олимпийн наадамд шилдгийн шилдэг тамирчдыг оролцуулах зорилтын хүрээнд 2021 оны улиралд шилдэг амжилт үзүүлсэн тамирчдад эрх олгох болсон байна.

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top