Эстрадын урлагт 40 жил ая дуугаа өргөж яваа дуучин бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг билээ.
“Оюутны намар”, “Хүүхэн хүний хүслэн”, “Хоёр сэтгэл”, “Дурсамж” тэргүүтэй олон сайхан дуугаа ард түмэндээ өргөн барьсаар ирсэн тэрбээр 40 жилийн ойгоороо “Чи миний”, “Хайрын танго” хэмээх шинэхэн уран бүтээлүүдээ толилуулжээ
Ж.Уранчимэг гавьяат уран бүтээлч хүн бүтээлээрээ ард түмнээ баярлуулахаас гадна юу чаддагаараа тусалж дэмжиж явах ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
2013 оноос эхэлж Хүмүүнлэгийн дуучин болж, өдгөө хүртэл хүнд өвчтэй, ядарсан зүдэрсэн 80 гаруй хүнд туслах хандивын тоглолт хийжээ. Хамгийн анх долоон жил өвчтэй эхнэрээ үүрч дүүрч яваа залуугийн тухай зурагтаар хараад, өөрийн эрхгүй өрөвдөж туслахаар шийджээ. Эмчилгээгүй гэсэн оноштой, ирээдүйд итгэл алдарсан залуухан эмэгтэй түүний тус дэмээр хөл дээрээ босож, өдгөө хоёр ч хүүхдийн ээж болж амжжээ. Энэрлийн халуун гараа сунгасан хүн бүхэн нь эдгэн илааршиж, түүнд баярлаж талархснааа илэрхийлдэг төдийгүй олон хүн тусламж хүсдэг аж.
Үе үеийн хандивын тоглолтод нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, С.Батсүх, Л.Чаминчулуун, М.Бямбажав, Б.Сийлэгмаа, Э.Бүрнээбаяр болон дуучин бүсгүйн хайрт хань, Соёлын тэргүүний ажилтан П.Хатанбаатараас гадна дуучин Бадамсүх, Т.Амина, Э.Чулуунчимэг, "Хурд" хамтлаг, бүжгийн "Улаан сарнай" хамтлаг, "Баянмонгол" чуулгын үе үеийн хөгжимчид оролцож иржээ.
Хамгийн сүүлд дөрвөн гэр бүл түүнд хандсан бөгөөд он гаргаад хандивын тоглолт хийхээр төлөвлөсөн байсан боловч цар тахал гарч, урлаг, соёлын бүхий л арга хэмжээ цуцлагдаж, нийтээрээ хөл хорионд орсон. Энэ хугацаанд хоёр ч хүнийх нь биеийн байдал муудаж, яаралтай эмчилгээнд орох шаардлагатай болсон тул дуучин маань "ХАЙР ТЭЭСЭН ЭГШИГ" онлайн тоглолт хийхээр болжээ.
Тоглолт энэ сарын 25-ны өдөр 19:00 цагаас TV2 телевизээр цацагдах бөгөөд тоглолтод дээрх уран бүтээлчид оролцохоос гадна Соёлын тэргүүний ажилтан, Л.Нарантуяа, А.Мөнхбат нарын дуучид ая дуугаа өргөнө.
Энэ удаагийн хандивын тоглолтоор хоёр хүнд туслахаар зорьж буй. Нэг нь бөөрний архаг дутагдалд орсон, гурван хүүхдийн аав. Одоо түүний эхнэр нь хэвлийдээ хоёр ихэр хүүхэд тээж буй. Байгаа бүхнээ шавхаж, эмчилгээний зардалд зориулсан залуу гэр бүл цаашид хэрхэхээ мэдэхгүй шаналан сууна. Нөгөө нь Хөвсгөл аймагт амьдардаг тархины хорт хавдартай залуу бий. Эхнэр нь түүнийг асарч, сахиж суудаг болохоор мөнгө санхүүгийн гачигдалд үргэлж ордог. Өвдөж зовох үед хэн нэгний сэтгэлийн дэм далайд дусал нэмэр гэдгийн адил агаар, ус шиг хэрэгтэй байдаг.
Монголчууд өрөвч, нинж сэтгэлтэй, тусч сайхан хүмүүс билээ.
Нөгөөдөр болох "ХАЙР ТЭЭСЭН ЭГШИГ" хандивын тоглолтыг онлайнаар үзэж, хоёр гэр бүлийн тулах багана, олон үрсийн эцэг болсон залууст туслахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол түмэн минь ээ миний дүүд тусламжын гараа сунгаж энэ гэр бүлд баяр хөөр аз жаргал бэлэглээрэй
САЙХАН БУЯН ХИЙХ НЬ ДЭЭ.ОЛНООРОО ОРОЛЦОЖ ЯДАРСАН НЭГЭНДЭЭ ТУСЛААСАЙ