Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулсын Соёмбот толгойд өнөөдөр /2020.04.24/ 14:00 цагийн үед гал гарлаа. Онцгой байдлын албанд галын дуудлага 14:26 цагт ирсэн бөгөөд гал унтраах гурван ангийн 16 албан хаагч, дөрвөн машин техник хэрэгсэлтэй ажиллаж, галын бүрэн унтраагаад байна. Гал Богины амнаас эхэлж гарсан бөгөөд бусдын буруутай үйл ажиллаагаанаас болж гарсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Нийт 100 гаруй хүн гал түймрийн голомтонд ажилласан бөгөөд ойролцоогоор 10 орчим га талбай шатсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Одоогоор гал бүрэн унтарч цурманд орсон хэдий ч хүчтэй салхи шуурвал гал сэдрэх магадлал өндөр байгааг албаныхан хэллээ. Галын шалтгаан тамхины цогтой ишнээс гарсан байж болзошгүй гэж байгаа ч яг юунаас болсон эсэхийг тодруулахаар албаныхан ажиллаж байна. Өмнө нь “Соёмботой” уул 2014 онд хоёр удаа 2015 онд нэг удаа шатаж байсан удаатай. Хаврын хуурайшилттай байгаа энэ үед дахин гал түймэр гарахгүй гэх баталгаа байхгүй учир иргэд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )