Яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрахын “Яруу найргийн төгсгөлд” ном өнөөдөр хэвлэлтээс гарлаа. Энэхүү ном нь түүний дөрөв дэх бүтээл бөгөөд “Интоорын цэцэрлэг”, “Зүүднээс гүн ертөнцөд”, “Одоо цаг” зэрэг яруу найргийн ном нь уншигчдын хүртээл болж, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татсан билээ.
"Яруу найргийн төгсгөлд" шинэхэн номын үүдийг сөхөж Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан “Ай даа, яруу найрагч аа. Чи түмэн араншинтай. Бурханы зүүдийг зүссэн чөтгөрийн хутга шиг шүлэг байна. Бумбатай рашаан тэврээд гоо бүсгүйн үсийг шүршинхэн завилсан мэт шүлэг ч байна. Тансаг цэцгийн шилбийг хугархай гараар тастах мэт, тамын улаан галын доор худаг гарган ус гялтгануулах шиг шүлгүүд ч байна. Энэ бүхэн туурвигчаа хүн биш “хүнд гар” болгож байж төрнө шүү дээ. Өндөр бор хүү нэгэнтээ яруу найргийн номоо дурсгасан юм. Ажлын ширээнийхээ нүдэнд хийгээд мартчихаж. Нэг өдөр номыг нь хальт хараад ухасхийн барьж авч, уншиж гарсан гэж байгаа” хэмээн дуу алдсан байв.
Дашрамд дуулгахад түүний ном маргаашаас “Интэр ном” дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж эхэлнэ.
* * *
Яруу найргийн оршилд
Агуу үндэстнийг магт гэвэл
Яруу найрагчийг нь магт
Хамгийн сонгодог шүлгийг нь
Ханандаа өлгө, зүрхэндээ шигтгэ
“тастуулсан могой ч эргэж нийлдэг байхад
та бидний зам л эргээд саллаа
урьд шөнө Сирийг ахиад л бөмбөгджээ
улс төр, хайр сэтгэл хоёр адилхан ч юм уу даа”
Гэж бичсэнийх нь төлөө
Яруу найрагт нь мөргө.
Мөнгөн зуун, дундад зуун, эртний зууны
Мөн чанарт хүрье гэвэл
Хаяагаар бүү өнгөлз, хатавчаар бүү шагалз
Харин чагна! Алсад тогоруу дуугарч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ ном интерномийн салбаруудад байхгүй байн лээ, яаж холбогдож номыг авах вэ