Б.Долгормаа: Ханьтайгаа дуу төрүүлэх гэж танилцаад ДӨРВӨН ХҮҮХЭД төрүүлчихсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

-Хорвоогийн үнэнийг хэдий эрт таних тусам сэтгэл дүүрээд ирдэг-

Уянга, цээлхэн хоолойгоор одод асгартал дуулна гэдэг сайхан. “Хайрын урь”, “Чамайгаа хүлээнэ”, “Заяаных байж чадах уу” зэрэг хайрын дуугаараа хүмүүний амьдралын жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учралыг учирлан, ухаарууланхан дуулах Соёлын тэргүүний ажилтан Б.Долгормааг өнөөдрийн зочноор урилаа. Энхрий ялдам, сонсголонтой уянгалаг хоолойгоороо учиг шаглан урлаж байгаа мэт утга яруухан хээнцэрхэн дуулах нь зүрх сэтгэлийг догдлуулам. Түүний дууны урын сан Монголын дууны урлагийн алдартнуудын дуулсан мэргэжлийн хэмжээний томоохон дуунуудаар баялаг. “Бүсгүй хүний заяа”, “Цэнхэрлэн харагдана”, “Арван тавны саран” зэрэг олон сайхан Ардын дууг ч чамин дуулсан. Харин сэтгэлийнх нь урын санд гэрэлтээд байдаг нэгэн нууцыг танд дэлгэж байна


-Урлагт амьдралаа холбох болсон шалтгаан болоод бага насныхаа тухай яриагаа эхэлье?

-Манай удамд сайхан дуулдаг, уран хүмүүс их. Удмаасаа дуучин мэргэжлийг эзэмшсэн нь би л дээ. Ээж минь Булган аймгийн хүн. Би хотод  өссөн ч амралтаа Булганд л өнгөрүүлдэг байлаа. Одоо ч гэсэн нутаг усныхантайгаа холбоотой байдаг. Багаасаа л урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож, шилдэгт үлдчихдэг хүүхэд байсан. Ээж маань ч намайг анзаарч дөрөвдүгээр ангиас минь эхэлж, Монголын хүүхдийн ордонд оруулсан нь авьяасаа нээх илүү их боломжийг олгосон. Улсын чанартай болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн нь Соёл Урлагийн их сургуульд орох эхлэл минь болсон. Ээж минь уртын дууны ангийг, би эстрадын дууны ангийг сонирхож байсан ч ярилцаж байгаад дуурийн дууны ангийг сонгосон доо.

-Сонгодог урлаг гэдэг өндөр шалгууртай мэргэжлийг сонгоод анх ямар дүрийг бүтээж байв?

-Тэр үед сонгодог урлагийг нэг их сайн ойлгодоггүй байж. Гуравдугаар курсээсээ л сонгодог урлагийн мөн чанарыг мэдэрч, амин сүнсийг нь ойлгож эхэлсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор 2009 онд төгссөн. Төгсөлтийнхөө шалгалт дээр “Үүлэн заяа” дуурийн Наранзэлийн дүрийг бүтээж байсан. Дөрвөн жилд нэг удаа болдог дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр тэргүүн байрын шагнал авч байсан. Мөн 2015 онд Соёл урлагийн их сургуульд магистр хамгаалахдаа тус дуурийн Нансалмаагийн дүрээр хамгаалж байлаа. Сонгодог урлаг гэлтгүй урлаг гэдэг нийгмийнхээ урд нь манлайлж, соён гэгээрүүлж, хөгжүүлэх үүрэгтэй. Тиймээс сайн уран бүтээл хийхийг эрмэлздэг. “Чи минь битгий мартаарай”, “Алсаас дуулах дуу” зэрэг Монголын урлагийн алдартнуудын олон сайхан дууг сэргээж дуулсандаа бахархдаг.

-Урлагийн хүний жаргал нь юундаа байдаг вэ?

-Урлаг хүмүүст аз жаргал, баяр баясал мэдрүүлж байдаг хамгийн сайхан мэргэжил. Гоо зүй, хүмүүжил төлөвшилд нь эергээр нөлөөлдөг учраас амьдрал болоод гэр бүлдээ гэрэл гэгээг түгээж байдаг. Хүн заавал урлагийн хүн болох албагүй харин урлагийн гоо зүйг заавал эзэмшвэл зохино. Дууныхаа амин сүнс, утга учрыг илүү гүн ухаарч хоолойныхоо ур, ухаанаар шаглаж дуулж ард түмнээ цэнгүүлнэ гэдэг жаргал шүү дээ. Дуу хөгжимгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Дуучин байна гэдэг маш их хувь заяа.

Би “Сүлд” чуулга”-д төгсөөд л ажилд орсон. Сүлдтэй, хийморьтой байгууллага. Энэ чуулгаас гавьяат жүжигчин Г.Ариунбаатар төрөн гарсан. Түүний араас улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргаж буй авьяаслаг залуус хүч түрэн орж ирж байна. Бусад урлагийн байгууллагаас ялгаатай нь Төрийн тусгай албыг давхар гүйцэтгэдэг. Хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг, хүнд тэсвэр тэвчээр, хат суулгадаг, уран бүтээлчдээсээ сайн уран бүтээл нэхэж, шахаж шаардаж, урамшуулж чаддаг байгууллага даа.

-Цагдаагийн “Сүлд” чуулгад та ажиллаж байсан. Энэ чуулгаас та юу сурч мэдсэн бэ, сайхан хамт олныхоо тухай дурсан ярина уу?

-Би “Сүлд” чуулга”-д төгсөөд л ажилд орсон. Сүлдтэй, хийморьтой байгууллага. Энэ чуулгаас гавьяат жүжигчин Г.Ариунбаатар төрөн гарсан. Түүний араас улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргаж буй авьяаслаг залуус хүч түрэн орж ирж байна. Бусад урлагийн байгууллагаас ялгаатай нь Төрийн тусгай албыг давхар гүйцэтгэдэг. Хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг, хүнд тэсвэр тэвчээр, хат суулгадаг, уран бүтээлчдээсээ сайн уран бүтээл нэхэж, шахаж шаардаж, урамшуулж чаддаг байгууллага даа. Би чинь ахлах дэслэгч цолтой хүн. Харин энэ жил гадаадад дуурийн чиглэлээрээ  сурах  гээд “Сүлд” чуулгаасаа гарчихсан. Хэлний бэлтгэлээ Монголдоо хийж байтал хөл хорио тогтоочихлоо.

-Уран бүтээлч хүнд учирдаг саад бэрхшээлүүд хүнийг ямар зарчимд сургадаг гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүнд уран бүтээлээ хийхэд санхүүжүүлэх асуудал үүсдэг. Уран бүтээлийн санаа, эрэл хайгуул байнга бодож явдаг. Цаг наргүй, үдэш орой ажил нь ундардаг.  Гэр бүлээ гэх үү, уран бүтээлээ гэх үү гээд л шантрах үе гарна аа. Дуртай зүйлдээ хүн нойроо хагаслаад ч хамаагүй цаг заваа зориулдаг. Аль алийг нь амжуулж чаддаг хувийн чанд зохион байгуулалт суулгадаг шүү.

-Эмэгтэй хүнийг юу чимдэг вэ?

-Дотоод гоо сайхангүй бол гаднаа мянга гоёж гоодоод амьгүй харагддаг. Тиймээс өр зөөлөн сэтгэл, биеэ авч явах байдал, хатан тэвчээр, эвийг эрхэмлэдэг чанар, үр хүүхдээ сайхан өсгөж буй ухаан гээд олон зүйл бүрдэж байж эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй харагдуулдаг.

-Өөрийнхөө уран бүтээлүүдээс хамгийн аялах дуртай амин дуу нь ямар дуу байдаг вэ?

-Уран бүтээл өөр, өөрийн гэсэн хувь тавилантай байдаг. Онцолсон дуу нь биш огт ондоо дуу нь жигтэйхэн олны таалалд нийцчихнэ. ”Ижий зөн” гэдэг дуундаа илүү хайртай. Энэ дуугаа дуулахаар өөрийн эрхгүй нулимс урсдаг. Бас мэргэжлийн дуугаа дуулахаар тэнгэрлиг, сонгодог гайхамшигтай мэдрэмжийг амтлуулдаг. Багадаа ардын дуу дуулдаг байсан болохоор өөрийнхөө өнгө аясаар 10 гаруй ардын дуу дуулж цомог гаргасан. Ардын дуу сүнслэг шидтэй, үг бүхэн нь амьдралын философи шингээсэн шүншигтэй санагддаг даа.

-Таны ханийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр гэдгийг мэдэхгүй ч хүмүүс бий байх. Та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?

-Анх хараад эмэгтэй хүнийг хүндэлдэг, боловсролтой, соёлтой, хошин мэдрэмжтэй зан нь таалагдсан. Намайг оюутан байхад манай хүн Орост сураад ирсэн залуухан багш байлаа. Гэхдээ манай ангид хичээл заадаггүй байв. Тухайн үед би шүлэг их бичдэг байлаа. Дундаасаа дуутай болчих гээд л уран бүтээлийн сэжмээр холбогдож дотноссон боловч одоо болтол дуутай болоогүй л байна. Бид хоёр чинь дундаасаа дуу төрүүлэх ч завгүй, дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон. /инээв/ Гэхдээ би ханийнхаа зохиосон хэд хэдэн дууг дуулсан шүү. Гэр бүлийн маань хүн урлагийн хүн болохоор надад их түшигтэй байдаг. Шүлэг гэснээс хоёр ч шүлгийн ном гаргасан ч хүмүүст нэг их дэлгээд байдаггүй. Миний “Чамайг хүлээлээ” шүлгээр минь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багш аялгуу хийж би өөрөө дуулж байсан.

-Оргилуун долгилуун үедээ намба төрх ээж болоход ямар санагдсан бэ, залуухан ээжийн хувьд хүүхдүүдээ ямар зарчмаар хүмүүжүүлэхийг эрмэлздэг вэ?

-Гурван хүү төрүүлсэн дархан бэр болсондоо бахархалтай байдаг. Олон арван уран бүтээлийн зэрэгцээ амьдралынхаа хамгийн том аз жаргал болсон дөрвөн сайхан хүүхдээ төрүүлж өсгөжээ. Алдарт эхийн одонгоо зүүгээд явахад хүн бүхэн хайр энэрлийн дулаан харцаар харж байгаа нь мэдрэгддэг. Хүүхдүүдээ багаас нь боловсрол эзэмшүүлэх нь чухал боловч сэтгэлийн боловсрол хамгийн чухал. Би бясалгал хийгээд таван жил болж байна. Багаасаа буддын шашин шүтдэг байсан болохоор нүдэнд харагдахгүй маш олон зүйлийн учиг зангилааг тайлах гэж оролддог хүүхэд байсан. Хүн гэдэг түмний тусын тулд сайхан сэтгэлтэй явахад сайхан л хувь заяа ирдэг. Юун түрүүнд хүүхдээ зөв хүмүүжил, сайн боловсрол олгохыг эрмэлздэг.

Үнэнч байх, өөрийн гэсэн бодолтой, зоригтой байх нь хамгийн эхний шалгуур. Мөн үр хүүхэд, гэр бүлээр нь хэмжигдэнэ. Бас үгэнд уран, үйлэнд цэцэн, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй гээд монгол бүсгүй хүнд эрхэм чанаруудыг гэрэлтүүлсэн эмэгтэй хамгийн сайхан.

-Эмэгтэй хүний үнэ цэнийг юундаа байна гэж боддог вэ?

-Үнэнч байх, өөрийн гэсэн бодолтой, зоригтой байх нь хамгийн эхний шалгуур. Мөн үр хүүхэд, гэр бүлээр нь хэмжигдэнэ. Бас үгэнд уран, үйлэнд цэцэн, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй гээд монгол бүсгүй хүнд эрхэм чанаруудыг гэрэлтүүлсэн эмэгтэй хамгийн сайхан.

-Амьдралыг дүүргэдэг, өег болгодог зүйл тань юу вэ?

-Бясалгал. Дотоодын аз жаргал амар амгаланг олж чадаагүй сүнс нь хоосон байгаа цагт ертөнцийн бүх зүйл чамд байгаад ч нэмэргүй. Одууд баян тансгийн туйлыг эдэлдэг хэр нь дотроо ганцаардаж хар тамхинд орох, амиа хорлох үзэгдэл их гардаг шүү дээ. Хорвоогийн үнэнийг хэдий эрт таних тусам сэтгэл дүүрээд ирдэг. Бясалгалын сахил нь хэдий чинээ өндөр байх тусам төдий чинээ тэсвэр хат шаардана.

-Бясалгал гэдэг зүйлийг анх хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Багаасаа мах идэх дургүй байсан болохоор 2009 онд цагаан хоолны дамжаанд суралцсан. Тэр үед бясалгагч багш байгаад нь гайхдаг байсан. Тухайн үедээ ойлгохгүй явж байгаад найман жилийн дараа аръяабал бясалгалд орсон. Аав маань намайг оюутан байхад өөд болсон. Хүн гэдэг амьдралд учирсан хүнд сорилтуудаас зовлонгийн шалтгааныг хайж эхэлдэг. Магадгүй надад тохиолдсон зовлон маргаашийн жаргалын үүдийг нээх учир шалтгаантай ч байж мэднэ шүү дээ. Тийм учраас бясалгалд орсондоо баярладаг. Юунд ч зовохгүй сэтгэл хангалуун болчихдог.

-Хайрыг хэрхэн ойлгодог вэ?

-Сэтгэл гэгээрэх тусам хайр аяндаа ундардаг. Хэнийг ч муухайгаар бодох хүсэлгүй болж, орчлон хорвоогийн амьтай бүхнийг хайрлах сэтгэлийг өгдөг. Би цэвэр цагаан хоолтон болоод таван жил болж байна. Амьд амьтан бүхэн сүнстэй гэж бодохоор энэрэх хайрлах сэтгэл төрдөг. Харин гэр бүлийн хайр гэдэг эрх чөлөө юм. Бие биеийнхээ орон зайд халдахгүй, хүсэл сонирхлыг нь хорихгүй, ярилцаж ойлголцоод явахад уучлал, хүндлэл итгэлцэл бий болно шүү дээ. Манай гэр бүл ардчилсан гэр бүл. Хэн хэнийгээ хэзээ ч харддаггүй. Орон зайг нь хүндэлдэг. Уран бүтээлч гэр бүл болохоор уран бүтээл туурвих эрх чөлөөг нь олгодог.

-Хүмүүст цагаан хоолтон байхын ач тус болоод хэрхэн зөв аргаар цагаан хоолтон болох аргаасаа зөвлөөч?

-Хүмүүс буруу дарааллаар шууд цагаан хоолтон болох гээд байдаг. Эхний хэдэн сар бие тамирдах шинж илрэх  боловч аажмаар дасан зохицоод горимдоо орчихдог. Махнаас өөх тос, төмөр, уураг гээд эрдэс бодис авдаг. Өөрийнхөө биеийн байдал, онцлогт тааруулаад  аль нь шаардлагатай байна гэдгээ шинжлэх ухаанч байдлаар  зохицуулж, тохирох бүтээгдэхүүнээр орлуулж, зөв дэглэмтэй хооллох хэрэгтэй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уран бүтээл туурвина гэдэг яг л миний хийх ёстой ажил гэж боддог. Ямагт  аз жаргалтайгаар эрэл хайгуул хийж байдаг. С.Янжиндуламын үг, Ганбаатар хөгжмийн зохиолчийн аялгуу “Би Монгол эх хүн” гээд шинэхэн уран бүтээлээ бичүүлчхээд явж байна. Мөн ханийнхаа аялгуу данг нь зохируулан бүтээсэн бурхны магтуу дуулж удахгүй хэвлэгдэх шинэхэн цомогтоо оруулна. Цаг үеийн байдал, хорио цээр тавигдангуут цомгийнхоо нээлтийг хийнэ дээ 2015 онд “Гэгээн хатад” нийтийн дууны цомог, 2018 онд “Үлэмж яруу” Монгол ардын дууны цомог гаргасан.

-Өнгөрсөн онд ”Хайрын урь” тоглолтоо хийсэн. Сонгодог урлагийнхаа чиглэлээр тоглолт хийх бодол тээж л яваа даа?

-Цаашид мэргэжлийнхээ чиглэлээр далайцтайхан бүтээлүүд дуулах бодол бий. Сургуулиа төгсөхдөө Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимтэй мэргэжлийн ари романс дуулж хоёр цаг тоглолт хийж байсан. “Сүлд” чуулгынхаа таван дуурийн дуучинтайгаа хамтарч “Сонгодог агаар” тоглолт толилуулж байлаа. Тоглолт бүр маш их хөдөлмөр, бэлтгэл, цаг хугацаа, хичээл зүтгэл шавхдаг. Тэр бүхний дараа маш их сэтгэл ханамж, туршлага үлддэг шүү. Хүний хоолойд зарим дуу таарч байхад зарим нь таарахгүй байх жишээний. Муу дуучин гэж байдаггүй. Дуу, дуучин хоёр бие биеэ олох нь чухал.

Үйлийн үр гэдгийг өөрийн биеэрээ үүрч дүүрч байж давдаг, нэг бол бусдад сайн сайхан зүйл хийж байж нимгэрдэг.

 

-Та сүүлийн үед студи байгуулаад тун завгүй байгаа. Ямар чиглэл, зорилготой студи юм бол?

-“D” студи маань цагаан хоолны сургалт, бүжгийн дамжаа, нүүр будалтын хичээл хосолсон. Хүний дотоод, гадаад гоо сайхныг хөгжүүлэх зорилготой. Энэ ажлыг эхлэх болсон шалтгаан нь олон хүнд тус хүргэхийн төлөө юм. Миний бие шалтгаангүй өвдөж, зовниж хоёр жилийг үдсэн. Ямар ч эм тариа, ид шид нэмэр болоогүй. Үүний шалтгаан нь үр хөндүүлсний төлөөх үйлийн үр  байсан гэдгийг бясалгалд орсноороо мэдэрсэн. Төрөөд удаагүй нялх биетэй байсан учраас ахиад хүүхэд тээх боломжгүй байсан нь энэ сонголтыг хийлгэсэн. Үйлийн үр гэдгийг өөрийн биеэрээ үүрч дүүрч байж давдаг, нэг бол бусдад сайн сайхан зүйл хийж байж нимгэрдэг. Бие маань маш их өвдөж байсан учраас дөрвөн хүүхдэдээ ч маш их санаа зовсон. Бие маань тэнхэрвэл хамгийн түрүүнд бусдад сайн сайхан зүйл хийнэ дээ гэж өөртөө амласан. Олон хүнийг эрүүл зөв хооллолттой, гоо сайхан бие бялдартай, дотоод сэтгэлийн амгалантай, эрч хүчтэй өөдрөг амьдруулах юм сан гэж хүссэн. Цагаан хоолонд орсон олон хүмүүс хавдар болон сахрын өвчнөөсөө ангижрахыг харж байлаа. Тийм болохоор сайн сайханд хүрэх гүүр нь болохыг хүсэж мөрөөдлөө биелүүлж явна даа.

Top