“ХАР ЖАГСААЛТ” БУЮУ ХАР ТАМХИНЫ НАЙМААНД
ХОРИГ ТАВЬСАН АНХААРУУЛГА
ФАТФ /Financial action task force/ буюу Олон улсын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орж хяналтад нь багтсан Монгол Улс дэлхий нийтийг цочирдуулсан коронавируст цар тахлын аюулыг тогтоон барьж, бүх анхаарлаа түүн рүү чиглүүлж байх зуурт Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулснаа албан ёсоор зарлан балмагдуулав.
Уг жагсаалтад Монгол Улсаас гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй хэмээн үзэж багтаажээ. Цар тахлыг дотооддоо алдчихгүйн төлөө хичээж байгаа монголчууд саарал жагсаалтаас хар руу халтирчхав уу хэмээн үймэлдэж эхэллээ.
Европын холбооны зөвлөлийн татварын хар жагсаалтад өмнө нь нэг шургаад гарсан, ФАТФ-ын саарал жагсаалтаас мултраагүй яваа монголчууд дахин нэг хар жагсаалтад данслагдах нь тэр.
Европын Комиссоос дэвшүүлсэн Европын холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг цаашид бэхжүүлэх талаар баримтлах цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, нэг жилийн хугацаанд эдгээр гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгасны хүрээнд Монгол Улс “овоо хараа”-нд ийнхүү өртжээ.
Хэдийгээр саарал жагсаалт нь ФАТФ-ынх, хар нь Европын холбооных боловч цаад утгаараа ийнхүү агаар нэг холбогдож байна. Сануулахад, Монгол Улс 2018 онд Европын холбооноос гаргасан “Татварын шударга бус тогтолцоотой” орнуудын “хар жагсаалт”-д орж, төд удалгүй бас хасагдаж ч байлаа.
Саарал, хар жагсаалтуудад Монгол Улс орох нэг том шалтгаан нь бохир мөнгө угаах буюу Монголын дипломатчид Европын нутгаар хөндлөн гулд хэрэн хар тамхи зөөвөрлөх болсон явдал. Үүнийг нь Монголын төр, засаг цаанаас нь далдуур дэмждэг, дээд хүрээндээ мафижчихсан учраас гадаад орнуудад сууж байгаа онц бүрэн эрхт төлөөлөгчид нь ийнхүү зоргоороо авирладаг гэж европынхон харж буй биз. Тийм дэмжлэггүй бол дур мэдэн дунд чөмгөөрөө жиргэдэг элчингийн ажилтнууд хаанаас байх билээ хэмээн дэг ёсоо сахидаг орныхны нүдээр хардагдах нь лавтай.
Угаасаа ФАТФ-ын анх байгуулагдсан түүх ч хар тамхи, мансууруулах бодисын наймаанаас олсон хууль бус орлоготой тэмцэхээс эхлэлтэй байдаг.
Их долоогийн орнууд 31 жилийн тэртээ, 1989 онд хуралдаж, мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг үүсгэсэн нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ юм.
Монгол Улс ардчилалд дөнгөж хөл тавьж байсан 1989 оны үед дэлхий нийтийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал нь хар тамхи, мансууруулах бодисын наймаанаас олсон хууль бус орлогыг хууль ёсны болгож харагдуулах буюу мөнгө угаах ажиллагаа байв. Үүнтэй тэмцэхээр ФАТФ-ыг байгуулсан бөгөөд Монголын дипломатчид бараг тэр үеэс эхлээд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан янжуур тамхи, дараа нь хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэн улс хооронд холхиж мөнгө угаах болсон нь хараанд өртсөн хэрэг. Хар жагсаалтыг нэг үгээр хар тамхины наймаанд хориг тавьсан анхааруулга ч гэмээр.
“Муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр” гэгчээр монголчууд Хойд Солонгостой онгоцны наймаа хийх гэж байсан гэсэн яриа дэгдсэн нь терроризмыг санхүүжүүлэх гэдэг “зүйл анги”-д нь нэмэр болсон юм байгаа биз. Бас дээр нь Панамын хуудсаар илчлэгдэн гарч ирсэн Монголын толгой баячуудын оффшор данс, бүх шатанд цэцэглэсэн авлига, хээл хахуулийн хэргүүд нэмэгдэнэ.
ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах талаар Монголд өгсөн 40 зөвлөмжийн 36-г биелүүлчихсэн хэмээн суутал Европын холбооны хар жагсаалт тас хийх нь тэр. Банкны системээ өөрчлөх, банкууд ганц нэг гэр бүлийн эзэмшлийн бус, хувьцаа гарган арилжиж олон удирдлагатай болох, орж гарч буй мөнгөний эх үүсвэр тодорхой байх, өөрийн хөрөнгийг нь зөв мөнгөөр нэмэгдүүлэх зэргийг хийсэнгүй. Хөрөнгөө зузаатгасан мөнгөний эх үүсвэр цэвэр гэдгийг ч нотолсонгүй.
Дээрх хар жагсаалттай холбоотой шинэ бодлого ирэх намар, аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ гэжээ. Үүнд бэлтгэж Европын холбооны банкууд, мөнгө, санхүүгийн байгууллагууд хар жагсаалтад орсон улс орнуудтай харилцаж байгаа харилцагчдыг нарийвчлан шалгаж, судлах үүрэг хүлээх ажээ.
“Хар данс”-нд үдэгдсэн орнууд Европын холбооноос шинэ санхүүжилт авах эрхгүй болохоос эхлээд олон хүндрэл үүсэх нь. Ингэвэл Монгол Улсын үе үеийн Засгийн газруудын “хийх дуртай ажил” болох зээл, тусламжийн бараа Европ зүгээс харагдахаа болих биз.
Ядахдаа “Арга тасарлаа” хэмээн гуйж гувшиж ОУВС-гаас зээл, тусламж авах атлаа, ноос, ноолуур, улаан буудайд дэмжлэг үзүүлэх гэх зэргээр үр ашиггүй цацаад байхаар гаднынхны нүдэнд тийм ч сайхан харагддаггүй биз. Нэмэрт нь УИХ-ын эрхэм гишүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой сангийн мөнгийг хувааж хэрэглээд, ЖДҮ-чин болцгооно. Нийгмийн даатгалын мөнгийг банкиндаа байршуулж байгаад дампууруулна. Монголынхоо баялгийг гаднынхантай элбэж хамаад оффшорт нууна. Авлигад идэгдэнэ, тендэр завшина. Энэ бүхэн хар жагсаалтын онилсон суманд өртөж таараад байна.
“ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИД” БУЮУ
ОФФШОР ДАХЬ МӨНГӨӨ ЯАРАЛТАЙ ТАТВАЛ ЯМАР ВЭ?
Асуудлыг бас нэг талаас харж үзье. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдохдоо гадаадад байршуулсан оффшор дансны эздийг мөнгөө татаж авч ирэхийг сануулж, шахаж шаардаж байсан. Оффшортнууд таг суусаар өдийг хүргэсэн.
"Хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэдэг. Боломж байдаг бол оффшорын мөнгөө одоо яаралтай татахаар болж. Европын орнууд цар тахлын үед маш сульдаж байгаа эдийн засгаа өндийлгөхийн тулд авч болох мөнгө бүрийг өөртөө татахаар шуурхайлах гэж байна гэх хардлага сонсогдож байна. Түүгээр бол "Хар жагсаалт" гэдэгт Монголыг оруулсан нь дээр хэлсэн олон шалтгаантайн сацуу тэдгээрээр далайлган манай дээдчүүдийн оффшорт нуусан мөнгө зөөлхөн хоол болохоор харагдсанд оршино гэхэд хол зөрөхгүй байх. Түүнээс биш бохир мөнгөгүй, мөнгө угаадаггүй, оффшорт данстай баячуудгүй орон дэлхийд байхгүй гэхэд хилсдэхгүй.
Айлын хоол болгохгүйн тулд оффшортонгууд одоохон мөнгөө татаж, Монголынхоо эдийн засгийг сэлбэвэл эх орондоо үзүүлэх буян тэр болно. Хэрэв хар жагсаалтаар нээнтэглэн коронавирусний уршгаар суларсан эдийн засгаа нөхөхөд хар жагсаалтын орнуудын оффшорыг европчууд ашиглах нь гэсэн өнцгөөс харвал Монголын баялгийг гадаадад байршуулчихсаныг айлын ноход идэхээр боргоож эхэллээ гэж хэлж болно.
Хар, саарал жагсаалтаас гарахын тулд УИХ-ын 2020 оны сонгуулиар шинээр байгуулагдах Засгийн газар банк, санхүүгийн системээ дотооддоо янзална биз. Гадаадын банкууд орж ирээд Монголыг сэв хийтэл өргөнө гэвэл бараг худлаа. Харин ч мөнгө дамжуулж угааж мэднэ. Зээлд дуртай манайхны толгойг илж, хүү бууруулж, өр тэглэнэ гэж бүр байхгүй. Дээр үед ноёдынхоо пүүсэд тавьсан өрийг ардууд төлж залхахдаа өрийн дансыг нь шатаачихдаг байсан, одоо бол хувьдаа авсан зээлийн өрөө тэглүүлж санаа амардаг ийм оронд гаднын банкууд итгэж орж ирэх нь бас хэцүү. "Хар", "саарал" жагсаалтад орж, гарч үйлээ үзэж байхаар оффшорын мөнгөө авч ирэх нь авралын од болж мэднэ.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Хятад, Казахстан авч болохоор байсан эгзэгтэй нөхцөлд ОХУ-аас Монголын нэг компани оруулж ирсэн тулдаа "Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй" гэгчээр төр нь авна уу, компани нь эзэмшинэ үү ялгаагүй Монгол дотроо би, чи-дээ тулж байгаад нэг тийш болгох боломжтой болсон шиг оффшороо дотроо авчирсан цагт учир нь олдохдоо л олдоно гэж үзэж бас болохоор.
Ийнхүү дэлхийг нөмөрсөн цар тахлын бужигнаан дунд халдварыг дотооддоо алдалгүй тогтоох, УИХ-ын сонгуулиа шударга явуулах зэрэг цаг үеийн өчнөөн ажлын хажуугаар олон өнгийн жагсаалтаас гарах гээд толгой өвтгөх олон асуудал шил даран өндийсөөр.
Парламентын сонгуулиа шударга явуулж, дайчин, зоригтой бодлого шийдвэр гаргаж чадах улс төрийн хүчин, боловсролтой, холын хараатай мэргэн түшээдийг алсаа харж сонгохгүй бол дутуу алсан могой шиг үхээнц байдлаар гэлдэрч, авлигад идэгдсээр байвал хар жагсаалт бүү хэл, чөтгөрийн тойрогт орооцолдон дэлхийн адаг болох биз ээ.
Сэтгэгдэл ( 10 )
манайд эрх мэдэлтэнт огт хууль үйлчлэхгүй байж болдог эрх зүйтэй байна.эрх мэдэлтнүүд аливаа нэгэн хуулийн хариуцлаггүйгээр дуртай хулгай луйвраа хийж байна..ерөнхий сайд,ерөнхийлөгчөөсөө авахуулаад эрүүл саруул эрх зүйтэй орнуудад бол шоронд сууж байх ёстойшдээ
Энэ сонгуулиар Хурц, Номтойбаяр, Эрдэнэ, Бат-Үүл, Дэлгэрмаа, мэтийн луйварчидтай тооцоо хийе. Ийм луйварчид эх орноор минь тоглож дууслаа. Сайханбилэг, Элбэгдорж, Хурц, мэтийн урвагчдад хэргийг нь шийдэж ялыг нь үүрүүлье. АН-ын олонхи болж улс орноор тоглосон балаг ард түмэн, улс орон төр засгийн нуруун дээр ингэж тусч байна. Офшорчдыг шүүхийн өмнө суулгая. Ингээд тоочоод байвал дуусахгүй ньАлтанхуяг новшийн эдийн засгийн ил тод байдлын хууль ч энэ шай барцадын бас нэг шалтгаан. Алтанхуягийг гэсэн шүүх хэрэгтэй.
Хар саарал жагсаалтын гол шалтгаан нь авилга, буруутан нь МАН. Өчигдөр Ж.Эрдэнэбат, Чойжилсүрэн бсан өнөөдөр Хүрэлсүх, Хүрэлбаатар нь бн. маргааш энэ намын Дорж, Дондог нь ямарч ялгаагүй. Энэ намын авилга Монголоос хальж дэлхийн шившиг болж эхэллээ монгочуудаа... Хор хөнөөл нь асар их шүү. Энэ сонгууиар зөв сонголтоо хийхгүй дахиад энэ намыг сонговол дараагийн 4 жилд улам доордоно шүү. Вирустай холбоотой эз-н хямрал энэ замбраагүй зээл, халамж та бидний нуруунд үлдэнэ. Супер ЕС Хүрэлсүх, Хүрэлбаатар жаргал, сайн нэрийг зүүгээд та бидэн хэдэн жил зовхоор дүр зураг харагдаж бндаа.
Gadaad khergiin bolon Sangiin saidiig ogtsruulaya.
Банкны бүтцийн өөрчлөлтийг нэн даруй хийх; Эрдэнэтийн 49%-ийг цэгцлэх; хар тамхитай холбогдсон зэрэг хэргүүдийг эцэслэн шийдэх; тэгж байж л хар саарал жагсаалтуудаас гарна!
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайд байхад хар жагсаалтад орох нь баараггүй.
Монгол дотроо байгаа хэдэн борчууддаа л томроод байдаг төрийн хүмүүстэй гадагшаа бол ичмээр тэнэгүүд л байна ш дээ гадныхан монгол улсын төрд нь ямар хүмүүс байдгийг шууд хэлчихлээ
ДЭЭДЧҮҮД”ХЭМЭЭГДЭХ ЛУЙВАРЧИД ХАР ТАМХИ, МӨГНГӨ УГААЛТ ХҮНИЙ НАЙМААНД ОРСНООС БОЛСОН ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЭДГЭЭР ЗҮЙЛҮҮД НЬ ХАР ,СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРДОГ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ, ШАЛГУУР БИЗДЭЭ. ҮҮНТЭЙГЭЭ ТЭМЦЭЭХГҮЙ БАЙЖ САРЛААСАА ГАРНА ГЭЭД БАЙХ ЮМ. ГАДААДЫХАН ЯМАР ТЭНЭГ БИШ. ХЭЭЛЬ ХАХУУЛЬ ӨГНӨ ГЭЖ БАЙХГҮЙ.ОДОО ТЭГЭЭД ЯАНАА АРД ТҮМЭН Л ХЭЦҮҮ БАЙНА. ЯДУУ НЬ НЭН ЯДУУ, ДӨНГҮҮР НЬ ЯДУУ БОЛЛОО. ИНФЛЯЦИ ДЭЭД ЦЭГТЭЭ ТУЛЧИХААД 100МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВСАН ЮМ МАРГААШ НЬ ЮУ Ч БАЙХГҮЙ МӨНГӨ Ч БАЙХГҮЙ ХУДАЛДАН АВСАН ЮМ НЬ Ч БАЙХГҮЙ. ТЭТГЭВЭР 350 МЯНГА ТЭГЭЭД ЯАХ ГЭЖ?
Монголын дипломатчид Европын нутгаар хөндлөн гулд хэрэн хар тамхи зөөвөрлөх болсон явдал. Үүнийг нь Монголын төр, засаг цаанаас нь далдуур дэмждэг, дээд хүрээндээ мафижчихсан учраас гадаад орнуудад сууж байгаа онц бүрэн эрхт төлөөлөгчид нь ийнхүү зоргоороо авирладаг гэж европынхон харж буй биз.
Ок