ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан.
Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан бөгөөд хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох юм гэж онцоллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцөлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )