Их Британийн Засгийн газар хүний гени КОВИД-19 халдварын хүндрэлд хэрхэн нөлөөлдгийг тогтоох зорилго бүхий өргөн хүрээний шинжлэх ухааны хөтөлбөр эхлүүлж буй тухай зарлажээ.
Хүний геномын судалгааг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба КОВИД-19 халдварын улмаас сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн болон эмчлүүлж байгаа 20 мянган өвчтөн болон хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдэгтэй 15 мянган хүний оролцоотой явуулах аж.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус улсын засгийн газрын агентлаг, эрүүл мэндийн алба, хувийн компани, Эдинбургийн их сургууль, хэд хэдэн эмнэлэг хамтран ажиллах гэнэ.
“Өдрөөс өдөрт бид вирусийн талаар илүү ихийг олж мэдэж байна. Гени хүний бие организм вируст хариу үйлдэл үзүүлэхэд хэрхэн нөлөөлдгийг ойлгосноор энэ оньсыг тайлах чухал түлхүүр болох юм. Өвчтөнүүд өөрсдөө эсвэл гэр бүлийнхэн нь зөвшөөрөл олгосны үндсэн дээр судалгаанд оролцох юм” гэж Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Их Британид 230986 хүн халдвар авснаас 33264 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )