Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос дэлхий дахинаа нүүрлээд буй цар тахалтай холбоотойгоор Олимпийн хөдөлгөөний тогтвортой үйл ажиллагааг хангах зорилго бүхий 800 сая доллар хүртэлх нэмэлт санхүүжилтийг баталлаа. Уг санхүүжилтийг ОУОХ нь өөрийн үндсэн хөрөнгөөс бүрэн хариуцан гаргах ажээ.
"Covid-19" цар тахлын улмаас нэг жилийн хугацаатайгаар хойшлогдон товлож буй "Токио-2020" олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотой гарах нэмэлт зардалд уг санхүүжилтийн 650 сая долларыг зарцуулах бөгөөд үлдсэн 150 сая доллар нь Үндэсний олимпийн хороод, Олон улсын спорт холбоод, болон ОУОХ-ноос хүлээн зөвшөөрөгдсөн спорт холбоодын тасралтгүй үйл ажиллагааг дэмжихэд чиглэх аж.
ОУОХ-ноос томилсон тусгай ажлын хэсэг нь "Covid-19"-ийн хор уршиг спорт-олимпизмийн салбарын шат дамжлаг бүрд хэрхэн нөлөөлж буй талаар тогтмол судалж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа учир энэхүү ажил нь нэн төвөгтэй, бусад олон хүчин зүйлээс хамааралтай өрнөж буйг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах онцлов.
Мөн Швейцарын засгийн газраас Швейцарт төвтэй Олон улсын спорт холбоодын нэмэлт санхүүжилтийн асуудлаар ОУОХ-той хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Дашрамд дурдахад, үүнээс өмнө ОУОХ нь Олимпийн эв нэгдлийн сангаас 25,3 сая долларын нэмэлт санхүүжилтийг баталж, "Токио-2020" олимпийн наадамд бэлтгэж буй 185 улсын 1600 гаруй тамирчид тэтгэлэгт хөтөлбөртөө үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болсон бөгөөд мөн Үндэсний олимпийн хороодын аливаа нэмэлт үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэх болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )