Улсын Онцгой комисс ХААЛТТАЙ хуралдаж эхэллээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордонд боллоо. Уг хуралдааныг дууссаны дараа Улсын Онцгой комисс энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдаж эхэллээ. 

Учир нь, Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргасан юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст чиглэл өгсөн. Тэрбээр энэ үеэрээ "Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй. Байдал тайван болсон тэр цагт нээнэ. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг гаргахгүй" гэх мэдэгдлийг хийсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн юм.  

1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

2. Ковид-19 халдварыг эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах шаардлагатай. 

3. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгож байна.

4. Улс, нийслэл, аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн үнэлгээг хийж ажиллах шаардлагатай байна. 

5. Халдварын болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг хангах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. 

6. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр заавар, зөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, хамтарч ажиллах шаардлагатай байна. 

7. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, амны хаалтаа зүүх аяныг цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

8. Хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг түгээх нь чухал байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top