Цагдаагийн байгууллагаас Их дэлгүүрт ХЭРГИЙН ҮЗЛЭГ эхлүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч обьектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Одоогийн байдлаар тус гал гарсан обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон Ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг гурав дахь өдрөө зохион байгуулаа. 

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар обьектыг үргэлжлүүлэн хамгаалалтад аваад ажиллаж байна. Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд 5 давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан бөгөөд 2020 оны зургаадугаар сарын 10 буюу өнөөдөр 6 давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа. 
 

Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч, хэргийн газар дээр 20 мөрдөгч ажиллаж байна

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Мэдээлэл бэлтгэсэн цагдаагийн ахмад Б.Төгсжаргал, гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top