УИД-ийн галыг унтраах үеэр ХОЁР ГАЛ СӨНӨӨГЧ угаартжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Өнгөрсөн долоо хоногийн ням /2020.06.07/ гарагт Чингэлтэй дүүргийн III хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.10/ ОБЕГ-ын дарга, алба хаагчдыг хүлээн авч уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Нямбаяр "Их дэлгүүрт гарсан галыг найман ангийн 230 алба хаагч ажилласан. Гал түймрийг 27 авто машинтай 40 минут ажиллаж галын тархалтыг зогсоосон. Дээрх гал түймэрт онцгойгийн 230 алба хаагчаас гадна цагдаагийн 180 алба хаагч ажилласан. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг шуурхай хамгаалалтад авч, гал унтраах нөхцөл байдлаар хангаж ажилласан. Утаанд угаартаж барилгын долоон давхарт байсан долоон иргэнийг авто механик шат ашиглаж буулгасан" гэв.

Тэрбээр галыг унтраах явцад гарсан хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэхдээ "Барилга бүхэлдээ утаа болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Дулааны үйлчлэл жигд тархсан, шатах материал ихтэй, утаа зайлуулах, агааржуулалтын систем байхгүй байсан нь галыг богино хугацаанд тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь гал унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Тухайн үед онцгойгийн хоёр алба хаагч утаанд хордсон. Тэдэнд яаралтай тусламж, эмнэлгийн байгууллагын тусламжийг үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа болно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top