Шүүхээс Н.Номтойбаярыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ шийдвэр гаргалаа  

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.11/ УИХ-ын гишүүн асан, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Хуралдаанд яллагдагч Н.Номтойбаяр оролцсон бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан юм. 

Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Харин шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа.

Тодруулбал, шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарлалаа. 

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Top