Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ЦАГДАН ХОРИЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг энэ сарын 11-ний  өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнгөрсөн шөнө нийслэлд иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа шүүхийн захирамжтай танилцсан бөгөөд ШШГЕГ-ын алба хаагчид цагдан хорих 461 дүгээр ангид түүнийг албадан саатуулсан байна. 

Дөнгөж сая Монгол Ардын намаас УИХ-ын сонгуульд  нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг шүүхийн шийдвэрээр баривчилсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Хуульч  Ц.Мөнх-Оргил “Энэ бол Ж.Эрдэнэбатын асуудал биш, МАН-ын асуудал биш. Монгол Улсад цаашид хууль журам хэрэгжих юм уу. Төрийн эрх мэдэл Монголын ард түмний гарт байх юм уу. Нөлөөнд автагдсан хонгилын шүүгчдийн гарт байх юм уу гэдэг асуудал” хэмээн онцоллоо.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Ж.Сүхбаатар хэлэхдээ “Энэ үйл явц парламентын ардчилалд заналхийлж байна. Монгол Улсад хууль бүхний дарга байх ёстой. Алийн болгон бид хууль шүүхийн мафиас айх юм. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Шударга шүүхээр шүүлгэх эрх Монгол Улсын иргэнд байгаа. Ингэж давж гишгэж байгаа хүмүүс өөрсдөө цээрлэл хүлээх ёстой. Авлига хаана байгаа нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон иргэн л сонгох, сонгогдох эрхээ эдлэхгүй байна” гэлээ. Харин Нэр дэвшигч Б.Энхбаяр “Сонгогдогчийг сонгогчтой нь хамт шоронд хорьж байна” гэв.

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улс төрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр  дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг МАН албан ёсоор шаардлаа. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

 

Top