Монгол Улсын Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг энэ оны зургаадугаар сарын хоёрны өдөр томилсноос хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. Шинэхэн Ерөнхий шүүгчийг ноднин нэр дэвшин орж ирэхэд нь Ерөнхийлөгч хүлээж аваагүй билээ. Гэсэн ч жил хүрэхгүй хугацааны дараа түүнийг Монгол Улсын ерөнхий шүүгчээр томилж, ард түмний хувь заяаг дэнслэх хамгийн том эрхийг олгов.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнгөрөгч долоо хоногт түүнийг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гарсан. Харамсалтай нь 10 тэрбум төгрөгийг шүүхийн дансанд байршуулаагүй тул таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Ж.Эрдэнэбатын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарснаар шүүх хуралдаан энэ сарын 22-ны өдрийг хүртэл хойшиллоо. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөө солих хүсэлтийг шүүх хүлээж авсан ч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авсангүй. Шүүх хурлын өмнө Сэлэнгэ аймгаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын сонгогдох, Сэлэнгэ аймгийн 70 мянган сонгогчийн эрхэнд бүдүүлгээр халдсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн 200 гаруй иргэн шүүхийн гадна ирж, лоозон барьж жагссан юм.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргийн 16201 иргэн нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж, шүүхийнхэн хуулийг зөв хэрэглэхийг сануулан гарын үсгээ зуран ирүүлсэн ч шүүх хүлээж аваагүй юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульж Ж.Бямбадорж “Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдлийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо. Шүүхээс өөрийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж байна. Зарим шүүгчийн энэ хууль бус шийдвэрт Н.Номтойбаяр нарыг хамрууллаа. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин их барьцааны мөнгө нэхэж байна. Шүүх хууль бус ажиллагаагаа хамгаалж, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж мэдэгдлээ. Ээлжит сонгуулиар нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийдэг. Энэ тохиолдлоос өөр ямар хүндэтгэн үзэх шалтгаан байх юм. Харин ч нэр дэвшигчийг хорлосон үйлдэл хийлээ. Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйх. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж дүгнэлт гаргах. Шүүхийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсад улс төрийн болон, эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна” гэлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшиж байгаа Н.Номтойбаярын адилаар хорих 461 дүгээр ангиас сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Ж.Эрдэнэбатын гэм буруугийн шүүх хуралдаан 11 цагт эхэлсэн бол өглөөний 9 цагт мөн Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Дондогдоржийн Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гарган, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлтийг шүүх хүлээн авснаар шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх долдугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.
Ямартай ч нэг тойрогт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа хорих 461 дүгээр ангиас үргэлжлүүлэхээр болсон бол Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа орон нутагт үргэлжлүүлэх боломжоор хангагдсан юм. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн шүүхийн шийдвэрийн доор нэр дэвшигчид тэгш бус гараанд сонгуулийн сурталчилгаагаа хийхээр болсонд бухимдах иргэд олон байв.
Монгол Улсын Ерөнхий шүүгч Д.Ганзориг томилогдсоноос хойш дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд ийн гарч байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, захиалгын шүүх цэцэглэж байна гэдгийг иргэд анхааруулж байсан юм.