МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Сагсан бөмбөгийн холбоо, Ширээний теннисний холбоо, Бүжгийн спортын холбоо, Монголын буудлага спортын холбоо, Монголын Залуучуудын волейболын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо зэрэг 17 спортын холбоодын төлөөлөл МАН-тай хамран ажиллах санамж бичиг үзэглэсэн билээ.
МАН-ын мөрийн хөтөлбөртөө “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд спортын холбоодын үүрэг оролцоо чухал.
МАН-ын мөрийн хөтөлбөрт биеийн тамир, спортыг дэмжсэн дараах заалтуудыг тусгасныг онцолж байна.
- Спортын менежментийг сайжруулах, баг тамирчид дасгалжуулагчдын нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой зүйл заалтууд тусгасан.
- Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулах,
- Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх,
- Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх,
- Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх,
- Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх,
- Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Пара олимпын болон үндэсний спортын цогцолборыг барих,
- Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлэх.