Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүгдэгч С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр (2020.06.18) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хуралдаанаар шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нарын зарим нь ирээгүй тул тэдгээрийг албадан ирүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны өдөр хийхээр товлолоо.
Өмнөх шүүх хуралдаанаар авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525.000.000 (Таван зуун хорин таван сая төгрөг)-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Хурлын дараа шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явлаа.
Шүүх хуралд шүүгдэгч нар нийт 13 өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгч нарын зүгээс барьцаа мөнгөний хэмжээг багасгах, болон өөр төрлийн арга хэмжээ болгох санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг авч хэлэлцээгүй юм.