Монголын Хөлбөмбөгийн холбоо Унгар улсын алдарт Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу дөрөв дэх ээлжийн хүүхдүүдээ өнгөрсөн онд илгээсэн билээ. "Хараацай" клубын тамирчид болох Э.Саруубуян болон Г.Буяннэмэх нар 1 жилийн хугацаанд тус академийн 17 хүртэлх насны багт тоглож, бэлтгэл сургуулилт хийн энэ сард сургалтаа дуусгалаа.
Нэг жилийн хугацаанд тэд бие бялдрын хувьд өв тэгш болж, ур чадварын хувьд ч илт сайжирсан гэдгээ хэлж байна. Мөн Европын түвшний өсвөрийн тамирчдаас дутахааргүй ур чадвартай болсон гэдгээ ч илэрхийлж байсан юм.
Монголын Хөлбөмбөгийн холбоо цар тахлын хөл хорио гарсан энэ үед Улсын Онцгой комисст хүсэлт гаргаж эдгээр хүүхдүүдийг эх оронд нь авчрах нэн шаардлагатай байгааг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин энэ тал дээр дэмжин ажиллахаа амласан юм.
Харин Пушкаш академийн 2-р багт тоглож байгаа Г.Ганбаяр мэргэжлийн тоглогчийн гэрээний дагуу үргэлжлүүлэн, Унгар улсад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Сэтгэгдэл ( 0 )