Амралтын энэ өдөр та бүхэндээ яруу найрагч Хаянхярваагийн Эрдэвийн "Оюу толгойг салхи бүрхэнэ" хэмээх уран бүтээлийг толилуулж байна.
"Болор цом" наадамд хэдэнтээ оролцсон түүнийг яруу найраг сонирхогчид андахгүй. 2018 онд Говь-Алтайд "Болор цом" наадам зохион байгуулагдсан. Тэрбээр "Бүсгүй, морь хоёр" шүлгээр оролцсон нь үзэгчдэд хамгийн их таалагдаж, тайзнаа дахин гарч уншиж байлаа.
Х.Эрдэв Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн юм. 1996 оноос Дархан-Уул аймагт байхдаа уран бүтээлийнхээ гарааг эхэлж, 2000 онд "Гүнжийн нулимс" яруу найргийн номоо анх уншигч түмэнд хүртээжээ.
Улмаар МЗЭ-д гишүүнээр элсэж, 2008 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших "Хувилга" МЗЭ-ийн гишүүн болсон. "Чингисийн цагаан суварга", "Долоон нуурын алтан шанага", "Хүслийг гүйцээгч лусын дагина", "Хүн алтан нар", "Бурхантын цэнхэр домог" ном, цомог, "Чингис ээжийгээ зүүдэлж сэрэв" зэрэг номуудыг хэвлүүлсэн. Эх нутаг, элгэн саднаа магтан дуулдаг Х.Эрдэв найрагчийн бүтээлүүд бусдаас нэг л онцгой. Учир нь тэрбээр түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцсан юм.
Соёлын тэргүүний ажилтан Базарсадын Болдбаатар, охин Маралтайгаа дуулсан "Ухаан, цэцэг хоёр" дууны үгийг авьяаслаг найрагч бүсгүй тэрлэснийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
"ОЮУ ТОЛГОЙГ САЛХИ БҮРХЭНЭ" шинэхэн шүлгээ дээжилж байна.
Оюу толгойг салхи бүрхэнэ
Эцэг өвгөдийн минь зулайг гишгэлсэн
Эмээл хазааргүй эцэнхий салхи
Оюу толгойг эзэгнэж бүрхэнэ
Орчлон дэлхийг ороож бүрхэнэ
Оюу толгойг салхи бүрхэнэ
Ирвэсний нүд шиг эзэн сахиустай
Эвэрт нь луу зүүгдэж тоглодог гүрвэлийн орон
Дээрээс нь харахад дэлгэрсэн цэцэг шиг
Дэлхий цугларсан гэрлийн орон
Дээл бүс ч үгүй дэгжин цагаан салхи
Дээрээс нь харанхуйлж бүрхэнэ
Гучин гурван говийн оргил
Галбын улаан говийг минь ганхуулж бүрхэнэ
Хув шаргал элсэн манхан дахь
Хулангийн сүргийг үргээж бүрхэнэ
Оюу толгойг салхи бүрхэнэ
Охин савдаг догшигруулсан
Оосор бүч үгүй нөмгөн салхи
Одтой тэнгэрийн зарлиг зөрчсөн
Орчлонг бүрхсэн хуй салхи
Элсэн толгодыг минь эвхэж бүрхэнэ
Элэг зүрхэнд нь шигдэж бүрхэнэ
Оюу толгойг салхи бүрхэнэ
Үр хойчийн минь өмнүүр гарсан
Үндэс мөчиргүй эцэнхий салхи
Үүдэн хоймрын зайнаас шунаж бүрхэнэ
Өнчин сарны гэрэлд ч бүдэрч бүрхэнэ
Оюу толгойг салхи бүрхэнэ
Нурж унасан шороо нь
Нумын хөвч шиг тасарсан
Хөмөрч ойчсон хөрс нь
Хүүхдийн дуу шиг чарласан
Алтан биеийг нь алд алдаар хил давуулсан
Мөнгөн биеийг нь мөч мөчөөр мөрөн гатлуулсан
Танихгүй хүний сүүдрээс цочдог Оюу толгой
Талын зүрхэнд тамирдаж унасан Оюу толгой
Урт урт санаа алдахдаа
Увс нуурын шувуудыг далласан Оюу толгой
Алтай таван богдын мөсөн голоор
Амьтан бүгдийг ундаалж байна гэж
Ам нь цангасан Оюу толгой
Болорын мянган зүүсгэлтэй эрдэнийн элсээ
Бадархундага нууранд нууж байна гэж зүүдэлсэн Оюу толгой
Өглөө бүр өлөн цагаан салхи
Өндөр дуугаар нэрийг нь исгэрч дууддаг
Үдэш бүр өтгөн хар манан
Өвөр дээр нь манаж хонодог
Оюу толгойг салхи бүрхэнэ
Алтан овоо шилийн богдоос
Азарга азарга адууных нь туурайн чимээ тачигнаж
Айл айлын гадаа үүрсэж байна гэж
Аврал хүсэж чимээ чагнасан Оюу толгой
Галын хаан Очирвани бараадан
Галбын улаан говиосоо нүүж явна гэж
Газрын холоос мөрөөссөн Оюу толгой
Оюу толгой ингэн тэмээний бөөрөнд
Эрхлэж хөрвөөсөн эртний нутаг
Оюу толгой энгийн ардынхаа сэтгэлд
Эвхсэн торго шиг зузаан шаргал элсэн судар
Хүзүүнд нь хөөрхөн бүсгүйн домог зүүгдсэн
Хөлийг нь Цагаан гоёо цэцэг аргамжсан
Салаа замын уулзвар дээр санчиг нь бууралтсан
Сав шимийн ертөнц дээр ам нь цангасан
Оюу толгойг салхи бүрхэнэ
Одоо л тэр авралыг хүснэм.
Сэтгэгдэл ( 0 )