С.Баяр, С.Баярцогт нарыг шүүх хурлыг ХОЙШЛУУЛЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  

Шүүгдэгч С.Баярцогтоос бусад нь шүүх хуралдаа оролцохоор ирсэн юм. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа нэр дэвшигч, шүүгдэгч С.Баярцогтыг шүүх хуралд нь авчраагүй бөгөөд түүний өмгөөлөгч Г.Орхон төлөөлж шүүх хуралд оролцов. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг 14 хоногийн хугацаагаар буюу ирэх долоодугаар сарын 06-ны 09:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.  Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Түүнчлэн шүүгдэгч С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо.   

Өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм. 

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Top