Японы эрх баригчид 2030 онд нэвтрүүлэхээр төлөвлөж буй үүрэн холбооны зургаа дахь үеийн сүлжээ 6G-г боловсруулж буй корпорацуудад 70 тэрбум иен буюу өнөөгийн ханшаар 652.4 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, сайд нарын танхимын дэргэд техникийн мэргэжилтэн, хувийн хэвшил болон холбогдох яамдын төлөөлөгчдийг оролцуулсан шинжээчдийн зөвлөл байгуулжээ. Энэхүү зөвлөл нь 6G сүлжээг нэвтрүүлэх цогц стратегийг боловсруулах үүрэг хүлээсэн аж.
Өдгөө тус улс үүрэн холбооны тав дахь үеийн буюу 5G сүлжээнд шилжиж байгаа аж. Энэ тал дээр тус улс 5G сүлжээг нэвтрүүлээд эхэлсэн АНУ, БНСУ-аас хоцорч байгаа төдийгүй холбогдох төхөөрөмжийг боловсруулах тал дээр Хятад улсаас мөн хоцорч байна гэж Киодо агентлаг онцолжээ. Тиймээс Японы Засгийн газар хувийн хэвшилтэй хамтран эл хоцрогдлыг нөхөж, илүү өндөр хурдны, илүү хамгаалалттай зургаа дахь үеийн сүлжээнд шилжих тал дээр тэргүүлэх зорилго тавиад байна. Зургаа дахь үеийн сүлжээг нисгэгчгүй тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн зайны үйлчилгээг зохион байгуулахад өргөнөөр ашиглахаар зорьж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )