Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтохоос номын сангийн үйл ажиллагааны талаар тодрууллаа
-Хөл хорионд байсан таван сарын хугацаанд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байсан бэ?
-Хөл хорионы үед сургалт, номын танилцуулгуудыг онлайн хэлбэрээр явуулсан. “Бүтээгчдийн орон зайн төв” маань өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдэж, сурагчдыг төвд элсүүлж байна. Улмаар шинжлэх ухаан, техник технологи, математикийн чиглэлийн сургалтуудыг тогтмол явуулж байна. Өнгөрсөн онд гэхэд 80 орчим хүүхдийн элсэлт авч, хоёр сар суралцаж төгсгөсөн. Сургалтууд бүгд үнэ төлбөргүй явагддаг. Хөл хорионы үед эдгээр сургалтаа онлайнаар хийгээд фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн. Номын тооллого, номын санд шинэ систем нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн дууслаа. Хамгийн сүүлийн салбарын шинэчлэлт долоодугаар сарын 10-нд дуусна.
-Номын сан нээгдээд үйл ажиллагаа жигдэрч байна уу?
-Өмнө нь өдөрт 200 гаруй хүн тогтмол үйлчлүүлдэг байсан. 18-30 насныхан манай номын сангийн уншигчдын дийлэнх хувийг эзэлдэг. Уг нь бол манай номын сан нийтийн номын сан. Нийтийн номын сан гэдэг бол бүх насны хүмүүс ирж үйлчлүүлж байх ёстой газар. Гэтэл оюутнууд дийлэнх байгаад байдаг. Магадгүй бусад насныхан маань нийтийн номын сан байдаг гэдгийг мэддэггүй байж болно. Манай номын сан дүүргүүдэд таван салбартай.
-Энэ жил номын фонд шинэчлэлт хэр явагдсан бэ?
-Сүүлийн үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас жилд 30-50 сая төгрөгийн фонд шинэчлэлт хийж өгч байгаа. Энэ жил 100 орчим сая төгрөгийн номын шинэчлэл хийж өгсөн.
-Номын сан нээгдсэнээс хойш өдөрт хэр олон хүн үйлчлүүлж байна вэ?
-Хорио тавигдсанаас хойш нэг өдрийн дотор зөвхөн бүртгэл дээр 100 гаруй хүн шинээр карт нээлгэж байна. Манай хоёр танхим нийлээд 200 гаруй хүний суудалтай. Америкийн соёл мэдээллийн төв, хүүхдийн уншлагын танхим гээд дөрвөн төрлийн танхим бүгд дүүрэн ажиллаж байна.
-Танай номын санд хамгийн эрэлттэй уншигдаж байгаа ном юу вэ?
-Уран зохиолын ном яалт ч үгүй хамгийн эрэлттэй байдаг. Гадаад хэлний номыг залуучууд их авч уншдаг. Сүүлийн үед бестселлэр ном сайн уншигддаг.
Г.БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл ( 0 )