Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэдэн мянган хүнтэй уулзаж, тэврэлдэж, коронавирусний эсрэг тогтоосон дүрэм, журмаа уландаа гишгэсэн хууль, дүрэм тогтоогчид өчигдөр хэвлэлийнхнийг хашиж байгаад шинэ чуулганыхаа бүрэн эрхийг нээлээ.
Хэнтэй ч уулзах боломжгүй, хэнээс ч ярилцлага, байр суурь сонсоогүй сэтгүүлчид бүхэл бүтэн шинэ парламент бүрдэж байхад редакц руугаа ганзага хоосон буцав.
Ийм байдал хэр удаан үргэлжлэх вэ?
Наадам болоход аравхан хоногийн хугацаа үлдсэн байдаг. Гэтэл цахим наадам нэрийн дор бас л хэвлэлийн мэдээлэх үүргийг сааруулах санаачилга хэдийнэ ажил хэрэг болж эхэлжээ.
Монгол наадмыг дуран авайдаа буулгах боломж лав гэрэл зурагчдад олдохгүй нь тодорхой болсон бололтой. Гэхдээ хараахан эцсийн шийдвэр гараагүй байгаа гэж найдъя.
Наадмын нээлт, хаалтыг зохион байгуулж байгаа “Херо” тэргүүтэй энтертайнмент Гэрэл зургийн нэгдсэн холбоотой хамтарч ажиллах нэрийдлээр бусад хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зургийн сурвалжлага хийх эрхийг хязгаарлаж таарах нь.
Бэлэн буюу өөрсдийн бэлтгэж, сонгосон зургийг хэвлэлийнхэнд нэгэн зэрэг түгээж, бусад хэвлэл мэдээлэл наадам болж байгаа “13-р зуун” цогцолбор руу нь орж, гарах эрхгүй болох юм байх аа.
Сэтгүүлч, зураглаачид нь яахав, телевизийн холбооны нэгдлээр дамжаад шууд дамжуулалтаа хийнэ, тэр нь ч илүү амар байж болох. Харин наадмын бөх, сур, морьдын уралдааны нэг л тохиох агшинг өөрсдийн өнцгөөс, өөрсдийн мэдрэмжээр, уран бүтээлчийн сэтгэлээр буулгах боломж олгохгүй байгааг ойлгохгүй байна.
“Ашгүй, наадам сурвалжлахгүй боллоо” гээд алга ташин баярлаж суух гэрэл зурагчин байдаг гэж лав бодохгүй байна. Тийм залхуу, хойрго хүн энэ хүрээлэл дунд лав байхгүй. Өдийд бараг камераа агсаад, өөрсдийгөө сойчихсон, наадмын зургаа зүүдлэхээс наагуур яваа. Гэрэл зурагчид тийм л хүмүүс.
Наадмын зураг, начин, заан, арслан, аварга төрөх агшин... Энэ бүгдийг гэрэл зургаар, хэвлэлийнхний нүдээр дамжуулж олон түмэнд хүргэдэг. Тэгж байж олон түмэн баясаж, цэнгэдэг биш гэж үү...
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр наадмын торгон мэдрэмжийг гэрэл зурагчдаас харамлах нь хэний эрх ашиг вэ? Хэдэн зурагчид очоод “Корона” тараана гэж айсан л гэж хэлэх вий дээ.
Сэтгэгдэл ( 0 )